Хөргөлт сервис компанийн төхөөрөмжийг Хас банкны хувь лизингээр авах боломжтой

2019-08-27 Нийгэм

SPEAK OUT

“Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологийн үзэсгэлэн” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнд  оролцогчдын яриаг хүргэж байна.

Б.Билгүүн: “URURU SARARA 7” –г гурван жилийн өмнөөс нийлүүлж эхэлсэн

( Сэрүүн ХХК борлуулалтын ажилтан )

Манайх дэлхийн зах зээлд тэргүүлдэг олон брэндийг нийлүүлдэг. Үүний нэг болох Японы DAIKIN брэндийн URURU SARARA 7 гэдэг загварын агааржуулагчтай айркондишныг танилцуулж байна. Энэ нь шинэ төрлийн газ болох R32 бодис хэрэглэдэг. Хүмүүс кондишнийг агааржуулагч гэж буруу ойлгоод байдаг. Дотор халуун агаарыг сороод пероноороо хөргөөд эргүүлээд гаргадаг. Харин шинэ технологи нь гаднаас цэвэр агаарыг өөрийн шүүлтүүрээр дамжуулан оруулдаг. Чийгшил, температур, хуурайшилтыг өөрөө мэдэрч ажиллана. Ухаалаг утаснаас удирдах давуу талтай.
Зах зээлд 3 жилийн өмнөөс нийлүүлж эхэлсэн. Цаашид дотор агаарын чанарт хэмжилт хийдэг төхөөрөмж, агаар цэвэршүүлэгч, дулааны ноцоссыг оруулж ирэхээр судалгаа хийж байна.

Ө.Лхамноржин: Манай төхөөрөмжийг Хас банкны хувь лизингээр авах боломжтой

( Хөргөлт сервис ХХК-ийн борлуулалтын мэргэжилтэн)

Манай компани БНХАУ-аас 2017 оноос оруулж ирсэн GREE брэндийн дулааны нацосс буюу R32 хөргүүрийн шингэнтэй төхөөрөмжөөр оролцож байна. R32 нь озон задалдаггүй, байгаль орчинд ээлтэй бодис. Энэ төхөөрөмж нь нэмэх, хасах 40 хэмд ажилладаг. Туршилтын явцад 14 газарт байрлуулж судалгаа хийсэн. Одоогоор гэр хороолол, амины орон сууцанд байрлуулсан төхөөрөмжүүд сервис үйлчилгээгээ аваад хэвийн ажиллаж байгаа. 25 -50 шоо метр талбайд зориулагдсан, өвөлдөө халаалт, зундаа сэрүүцүүлэгч хэлбэрээр ашиглаж болно. Ханын босоо, пааран загвартай бий. Цахилгаан зарцуулалтын судалгаа хийхэд цахилгаан халаагуураас нэг дахин бага төлбөр гарч байна лээ. Хоёр цлиндертэй, гурван мотортой. Нэг кВт цахилгаанаар 3кВт дулаан ялгаруулдаг учраас хэмнэлттэй технологи мөн юм. Хас банкны хувь лизингээр олгож байгаа.

Э.Бурмаа: . Ашиглалтаас гарч байгаа бодисыг орлуулах бүтээгдэхүүний судалгааг шинэ технологи дээр хийж байна

(Термо Тек ХХК-ийн хөргөлтийн инженер )

R32, CO2 хөргөлтийн бодисоор ажилладаг сүүлийн үеийн дэвшилтэд барилгын болон хүнсний хөргөлтийн тоног төхөөрөмжийг танилцуулахаар оролцож байна. Ашиглалтаас гарч байгаа бодисыг орлуулах бүтээгдэхүүний судалгааг одоогоор хийж байгаа. Жишээ нь, R32 хөргөх бодисоор ажилладаг 1,5 hb хүчин чадалтай айркондишн төхөөрөмжийг онцолж танилцуулья. Энэ төхөөрөмжийг одоогоор зах зээл дээр борлуулаагүй, зөвхөн ажилчдаа сургах сургалтад ашиглаж, сервис засвар, байрлуулалт зэрэгт туршилт хийхэд хэрэглэж байна. Өөрсдийн сургалтын бааздаа ашиглаж байгаа. Туршилт хийж дууссаны дараа худалдаалахаар оруулж ирнэ. Харин sumsung брэндийн төхөөрөмжүүдийг захиалгаар оруулж ирж байгаа.

Ц.Цэцэгээ: Энэ хичээлийн жилд 120 бакалавр суралцаж байна

(Эрчим хүчний сургуулийн Дулааны

инженерийн салбарын Сургалтын мастер )

Манайх ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний сургууль. Хөргөлтийн чиглэлээр анх 1996 оноос элсэлт авч 70 гаруй бакалавр, найман магистр бэлтгэн гаргасан байдаг. 2018- 2019 оны хичээлийн жилд нийт 120 бакалавр, гурван магистр идэвхтэй суралцаж байна.

Д.Батаа: R32 бодисоор ажилладаг кондишныг энэ жилээс ашиглаж эхэлж байна

(“Оюутолгой” ХХК-ны Байгаль орчны ажилтан)

“Оюутолгой” ХХК уул уурхайн салбараа төлөөлж үзэсгэлэнд оролцож байна. Озон задлах бодис давхар дэлхийн дулааралд нөлөө үзүүлж байдаг. Дэлхийн дулаарлын 10 орчим хувьд нь озон задлах бодис нөлөөлдөг гэж гадны илтгэгч хэлж байна. Тиймээс энэ төрлийн бодисын хэрэглээг компаниуд тус бүрдээ бууруулах нь зүйтэй. Манай компанийн хувьд найман төрлийн бодис ашиглаж байгаа. Эдгээрээс озоны давхаргыг задлах нөлөө үзүүлдэг бодисыг хэрэглэхээ больсон. Харин озоны давхаргыг задлах нөлөөтэй R22 бодисын хэрэглээгээ 2022 он хүртэл бууруулж байгаа. Кигалийн нэмэлт өөрчлөлт хэрэгжихэд бид хөл нийлүүлэн алхана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Агааржуулагч, хөргөлтийн технологийн бодисын тухайд гэрээтэй байгууллагуудын санал болгосон технологиудаас аль болох байгаль орчинд ээлтэйг нь сонгоно.
R32 бодисоор ажилладаг кондишныг энэ жилээс ашиглаж эхэлж байна. Дэлхийн дулааралд хамгийн бага нөлөө үзүүлж байгаа кондишн юм.
Манай компани Хүлэмжийн хий ямар хэмжээтэй ялгаруулж байна, хэр их эрчим хүч үйлдвэрлэж буйгаа бүртгэж хөтөлж ирсэн. Одоогийн байдлаар хүлэмжийн хийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн дүнтэй байгаа. Учир нь гүний уурхайн ид бүтээн байгуулалт өрнөж, олон ч техник, хүн хүч ажиллаж байгаатай холбоотой. Ашиглалтын явцад хүлэмжийн хийн үзүүлэлт буурна гэсэн хүлээлттэй байгаа.

 

Р.Лувсансан: 2023 оноос хойш байгальд ээлтэй хөргөлтийн системтэй хөргөгчийг оруулж ирнэ

( МСS Koko kola ХХК-ийн хөргөлтийн инженер)

2013 оноос эхлэн CO2 буюу нүүрсхүчлийн хийгээр ажилладаг хөргөлтийн системтэй хөргөгчийг оруулж ирсэн. Энэ бодис нь агаарт алдагдсан ч байгаль орчинд хор нөлөө багатай, озоны давхарга задлахад нөлөөлдөггүй бодис. Ундааны газ гэсэн үг.
R290 буюу профаныг 2018 оноос нэвтрүүлсэн. Энэ нь сайжруулсан газ. Мөн энэ бодис нь алдагдсан тохиолдолд агаарт ууршиж алга болдог. Озон задлах бодист ордоггүй. 2023 оноос хойш дан байгальд ээлтэй хөргөлтийн системтэй хөргөгчийг оруулж ирнэ.

Г.Бадамтуяа: Борлуулах цэгүүдийн хөргөгчийг шинэчилж байна

( СҮҮ компанийн хөргөлтийн инженер)

Манай компани хөргөлтийн системдээ амиакийг хэрэглэдэг. Энэ нь озоны давхаргад сөрөг нөлөөгүй. Энэ үзэсгэлэнд бүтээгдэхүүн борлуулах цэгүүддээ байрлуулсан R290, R600а гэсэн хөргөх бодистой хөргөгчийг танилцуулж байна. 300 гаруй цэгийн хөргөгчийг нэгэн зэрэг солих боломжгүй тул тодорхой хэсэгт шинэчлэл хийгдэж байгаа. Шинээр худалдан авалт хийх бүртээ аль болох байгаль орчинд ээлтэй сонголтуудыг хийдэг. Үүнтэй зэрэгцээд шинэ технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага тулгарч байна.

М.Бямбахишиг: Желато зайрмагны хөлдөөгч шинэчлэгдэж байна

(Итали зайрмаг ХХК-ийн Харилцагч хариуцсан менежер)

Манай компани 2008 оноос эхлэн Италийн тоног төхөөрөмж ашиглан Желато зайрмагийг Монгол улсад үйлдвэрлэж, салбарууд, харилцагч борлуулагчдадаа нийлүүлж эхэлсэн. R290а хөргөх бодис бүхий Тайли брэндийн ST6 загварын хөлдөөгчийг танилцуулахаар үзэсгэлэнд авчирлаа. Энэ нь хэрэглээнээс гарч байгаа R134а, R22 зэрэг озон задлах бодисыг орлуулж гаргаж ирсэн бодис юм. Компанийн хувьд 2018 оноос оруулж ирж хэрэглэж эхэлсэн. Харин энэ оны байдлаар 24 хөлдөөгч оруулж, ашиглаж байна. Эдгээр хөлдөөгч нь озон задлахад нөлөөлөх бодис агуулаагүй. Одоогоор 200 гаруй ресторан, кофе шопуудад бүтээгдэхүүнээ байрлуулдаг. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд харилцагч байгууллагууддаа 3-4 хөлдөөгч байрлуулах шаардлагатай болдог учраас хөлдөөгчийг байнга оруулж ирдэг. Тиймээс цаашид байгаль ээлтэй дээрх хөлдөөгчийг оруулж ирэхээр төлөвлөж байна.

Т.Өлзийжамсран: Озон задлах бодис агуулаагүй R600а хөргөлтийн шингэнтэй хөлдөөгч худалдаж байна

( Next electronics ХХК-ын борлуулалтын мэргэжилтэн )

Үзэсгэлэнд Rotenzo брэндийн хөргөгч, хөлдөөгч хоёроор оролцож байна. Хөлдөөгч R600а гэсэн хөргөлтийн шингэнийг ашигладаг. Энэ нь гэр ахуйн хэрэглээн дэх хамгийн эко бодис юм. Шингэн алдагдсан тохиолдолд хор нөлөө багатай, Озон задлах бодис агуулагдаагүй байдаг онцлогтой. 93 литр багтаамжтай хөлдөөгч 329 гаруй мянган төгрөг, хөргөгч 600 мянган төгрөгөөс дээш янз бүрийн үнэтэй байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.