“Монгол брэнд” булангийнхаа энэ удаагийн дугаарт эх орныхоо үндэсний өв уламжлал, ёс заншлийг орчин үеийн өргөн хэрэглээний барааны загвар дизайнд шингээн үйлдвэрлэхээр зорьж буй “Маяара” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалыг урьж ярилцлаа. Тэрбээр өөрийн бизнесийг эхлүүлэхээс өмнө Монгол Улсад Старт-апыг хөгжүүлэх, Монгол брэндийг гадаадын зах зээлд таниулах төслүүд дээр ажиллаж байжээ.
– Бизнес эрхлэгчдэд сургалт явуулдаг, тэднийг дэмжиж хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан юм байна. Яагаад өөрөө үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэн юм бэ?
– Тиймээ. Би бизнесийн удирдлагын чиглэлээр сургуулиа төгсөөд Монгол улсад Старт-апыг хөгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 6 жил ажилласан юм. Тендер, сургалт гээд яриад л байдаг хэрнээ яг өөрөө хийж үзээгүй байсан юм. Тэгээд 2017 оны долдугаар сард өөрөө компани байгуулахаар шийдсэн. Юу байх хэрэгтэй вэ гэж нилээд бодсон. Тэгээд гадагшаа уулзалт, сургалт судалгаа гэх мэт арга хэмжээнд их явдаг, явах болгонд Монголоо төлөөлсөн үндэсний онцлогыг харуулсан ямар нэг хувцас, хэрэглэл, бэлэг дурсгал авч явах хэрэгцээ байхад тийм барааны нэр төрөл их ховор, загвар дизайн хоцрогдсон байгааг анзаарсан. Тэгээд л энэ чиглэлээр ажиллахаар шийдэж “Маяара” брэндийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
– “Мауаrа” гэсэн нэрээр ямар, ямар нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?
– Манай компани одоогоор хөвөн даавуун ороолт болон даавуу, тааран цүнхэн дээр эртний хатдын болон түүхэн зургийг хэвлэж өдөр тутмын боловч үндэсний хэв маяг шингээсэн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. “Маяара” нь монголоор тогос гэсэн үг. Бид анхны цувралаа хүүхдэд зориулан гаргаж байсан. Хүүхдийн цүнх, шагай хэлбэртэй баллуур хийсэн. Энэ удаад охид эмэгтэйчүүдэд зориулсан коллекц гаргалаа. Үүнийг гаргахын тулд дизайнер, зураач, менежер оёдолчин гээд 10 гаруй хүн санаа нийлэн ажиллаж байна. Ерөнхийдөө залуу уран бүтээлчдээ дэмжих зорилготой байна. Хоёр дахь коллекцдоо залуу зураач Э.Эрдэнэчулууны Монгол хатны зургийг ашигласан.
– Бизнесээ эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ийм төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх боломж нөхцөл ямар байна гэж дүгнэв?
– Ер нь Монголчууд үндэсний хэв маяг шингэсэн зүйлээ хэрэглэх, дэмжих тал дээр хойрго байна. Үүнийг зөвхөн хэн нэгэнд бэлэглэх төдийгээр харж байна. Гэтэл манай гар урлаачид, үйлдвэрлэгчдийн хийж байгаа цүнх түрийвч гэх мэт чинь дандаа өдөр тутмын хэрэглээний зүйлс шүү дээ. Үүнийгээ авдаггүй хэрэглэдэггүй, тэгсэн хэрнээ гадаадын брэнд нэртэй лого төдий чанар муутай арьсан эдлэл руу хошуурдаг. Энэ сэтгэлгээгээ бид өөрчлөх хэрэгтэй байна. Хаа очиж гадаадынхан манай юмнуудыг өвөрмөц, чанартай, эрүүл эко гээд хэрэглээд байдаг. Даяаршлийн эрин зуунд бид үндэстэн гэдгээ мэдрүүлэх, ойлгуулахын тулд хэрэглээгээрээ ялгарах ёстой, хэрэглээгээрээ бусдад танигддаг байх ёстой гэж би боддог. Бид гадагшаа гаргаад зарж болно. Тухайлбал Өвөрмонголд ч юм уу манай цүнх, бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авдаг. Гэхдээ миний зорилго бол эхлээд дотооддоо танигдах юм. Дотооддоо борлуулж эргэлтийн хөрөнгөтэй болоод үйлдвэрлэлээ өргөжүүлчихээд дараа нь гадаадын зах зээлд гаргах хэрэгтэй. Гарааны бизнес гэдэг чинь дөнгөж бүтээгдэхүүнээ хийж туршаад зах зээлд зарагдах эсэхийг нь туршиж байгаа үйлдвэр шүү дээ. Бүтээгдэхүүнийг цөөхөн тоо ширхэгээр хийж байна гэсэн үг. Харин гадаадын зах зээлд гаргахаар бол их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй болно. Гэтэл Монголдоо хөлөө олж хэрэглэгчээ олж авч чадахгүй бол яаж гадагшаа гарах вэ. Энэ мэт бэрхшээл байдаг. Гэхдээ бид хэтийн зорилгоо тодорхойлохдоо бүтээгдэхүүнээ Хятад улс тэр дундаа ӨМӨЗО-д гаргана, дэлхийгээр тархан суурьшиж байгаа Монголчуудддаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа.
– Гарааны бизнест тулгарч байгаа гол хүндрэл юу байна. Жишээлбэл өөрийнхөө бизнесийг эхлэхдээ санхүүжилтээ хэрхэн шийдэв?
– Би цалингийн зээл авсан. Монголд бизнес эрхлэхэд хамгийн хэцүү нь зээлийн хүү өндөр байдаг явдал. Гарааны бизнес ч бай, жижиг дунд бизнес ч бай аль нь ч бүрэн утгаараа хөгжүүлээд явахад хууль эрхзүйн орчин бүрдээгүй гэж би хэлнэ. Гарааны компани байгуулаад туршилтын хугацаанд явж байтал бараа бүтээгдэхүүн авах, цалин мөнгө тавихад заавал данс тамга тэмдэг хэрэг болно. Энэ тамга тэмдэгээ авлаа гэхэд 14 хоног дотор дүүргийн татварын байгууллага санхүүд бүртгүүлэх хэрэгтэй болно. Зээл авах гэхээр хугацаа хүрэхгүй дөнгөж шинээр гарч ирж байгаа компаниудад зээл олдохгүй, олдсон нь өндөр хүүтэй. Бизнесийн зээл гэхэд жилийн 25-28 хувийн хүүтэй байна. Энэ хүүг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнэнд л шингээнэ. Монголд хийсэн бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгаан ердөө л энэ.
– Тийм ч амар биш юм байна. Тэгвэл хэдий хугацааны дараа танайх шиг гарааны компани хөл дээрээ тогтсон байх бол? Компанийхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?
– Компанийхаа ирээдүйг 20 жилээр төсөөлөх гэж оролдсон. Таван жил хүргээд цаашид төсөөлөхөд хэцүү болсон. Гэхдээ ямар ч байсан үйлдвэрлэл явуулаад ашигтай ажиллах хүртэл 2-3 жил хэрэгтэй юм шиг байна. Одоо бол дандаа л алдагдалтай явж байна. Ямартаа ч ирэх оноос БНХАУ-д бүтээгдэхүүнээ гаргана. Эрээн хот болон Хөх хот, Шилийн гол аймгуудад тогтмол борлуулалт хийх сувгуудаа олсон.
– Амжилт хүсье. Баярлалаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.