1) Ванкувер, Канад
АНУ-тай хиллэдэг хилийн ойролцоо орших Канадын энэ хот нь амьдралд хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад багтдаг.
Хотын оршин суугчид 2020 он гэхэд манай гаригийн хамгийн “ногоон” хот гэж нэрлэгдэх зорилго тавиад байгаа юм. Өнөөдөр Ванкувер хот нь усан цахилгаан станцыг ашиглах талаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хотын эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувь нь усных аж. Мөн хотод салхи, нарны болон далайн долгионы зэрэг эрчим хүчийг ашиглах нь улам бүр эрчимтэй нэмэгдэж байна.
Нийтийн тээврийн тусгай хэрэгсэл, унадаг дугуйн зам (нийт урт нь 400 км), ногоон тохижилтын хөтөлбөр зэргийн ачаар Ванкувер нь дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ноогдох хортой хийн ялгаралтаар хамгийн бага хувьтай байна.
2020 онд хүссэн үр дүнд хүрэхийн тулд хатуу чанд мөрдөх ногоон барилгажилтын кодыг (барилгын бүх шинэ төслүүд нь байгаль орчинд ээлтэй байх ёстой) дагаж, хорт хийн ялгаруулалтыг дахиад 33 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн одоо байгаа барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх юм.
Ванкувер нь цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглахыг нэмэгдүүлэх замаар байдлыг сайжруулж чадахаар төлөвлөж байна. Цахилгаан тээврийн холбоо нь Ванкуверын машины 20% нь цэвэр цахилгаан машин байна гэж дүгнэжээ. Одоогийн байдлаар ийм машинд зориулсан 15 цахилгаанаар цэнэглэх станц байгаа ба гэхдээ ирээдүйд хотын захиргаа ийм станцыг олноор барих төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн 2020 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтыг 15 хувиар нэмнэ гэж төлөвлөж байгаа юм.
2) Сан-Франциско, АНУ
АНУ-ын томоохон хотуудын дотроос Сан-Франциско хот нь байгаль орчинд хамгийн ээлтэй хот юм. Агаар цэвэршүүлэх өндөр түвшин, хог хаягдлыг зайлуулах зохистой арга, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь бусад муж улсуудын хотоос ялгарахад тусалдаг байна.
“Энэ бүхнийг бид яагаад хийж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ нь зөв юм. Дэлхийн аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг нь манай хот. Манай хотын үнэт зүйлс нь жуулчдыг татаж байна “ гэж хотын хуучин дарга Гэвин Ньюсом (Gavin Newsom) ярьжээ.
АНУ-ын “хамгийн ногоон хот” хэмээн нэрлэгдсэн энэ хотод хог хаягдлын 77 хувийг дахин боловсруулдаг. Хотын нутаг дэвсгэрийн 20 хувийг ногоон байгууламж эзэлж байна. Хотод “Эрчим хүчний хангамж, экологийн тэргүүн туршлага” (LEED) байгууллагын гэрчилгээ авсан 500 орчим ногоон барилга бий юм.
Сан Франциско нь Америкийн цахилгаан тээврийн хэрэгслийн нийслэл гэж тооцогддог. Энд цахилгаанаар цэнэглэх 160 гаруй станц байдаг бөгөөд дахиад 2750 станц барихаар төлөвлөж байна.
3) Осло, Норвег
Осло хотын нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь хамгаалагдсан ой, нуур цөөрөм, хөдөө аж ахуйн эдэлбэр учраас Европын хамгийн цэвэр хотуудын нэг гэдэгт гайхах зүйлгүй юм. Жишээлбэл цаг агаарын нөхцөл, зам дээрх тээврийн хэрэгслийн тооноос хамааран шөнийн цагаар гэрлийн эрчмийг тохируулдаг “ухаалаг” гэрэлтүүлэг энд бий. Хог хаягдалаас гарган авсан биометаныг нийтийн тээвэрт ашигладаг. “Эко-баталгаажуулалтын гэрчилгээ” хөтөлбөр нь хотод 43 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.
Түүнээс гадна 2030 он гэхэд Осло хот хүлэмжийн хийн ялгаруулалтыг 50 хувиар бууруулахаар төлөвлөж байна. 2050 он гэхэд Норвеги улс байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтэнд шилжсэнээр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэсэн улс болохоор төлөвлөж байгаа юм.
Хотод машин, унадаг дугуй түрээслэдэг бизнес олон бөгөөд цахилгаан машины түрээс өндөр хөгжсөн аж. Ажил хэргийн дүүрэгт 400 цахилгаанаар цэнэглэдэг станц бий. Ослод цахилгаан машин нь зогсоолд үнэгүй тавьдаг, татвараас чөлөөлөгдсөн байдаг ба зөвхөн тийм машинаар нийтийн тээвэрт зөвшөөрөгдсөн гудамжаар явах эрх олгодог байна.
Хотын халаалтын систем нь сэргээгдэх эрчим хүчний 80 хувийг ашигладаг бөгөөд энерги гаргахдаа дахин боловсруулсан хог хаягдлыг ашигладаг. Жил бүр энэ нь 60 мянган автомашины ялгаруулах хорт утаатай тэнцэх хэмжээний хортой хаягдлыг хэмнэх боломж олгоно. 2020 он гэхэд Осло нь халаалтын зориулалтаар зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.
4) Куритиба, Бразил
АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлээс “Бразилд амьдрах хамгийн сайхан газар” гэж нэрлэсэн энэ хот нь байгаль орчинд ээлтэй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээгээрээ байнга сайшаагдаж байдаг юм. 1970-аад оны эхээр урт хугацааны төлөвлөлт хийхдээ ногоон байгууламж, цэвэр орчинг хадгалж үлдэх зорилт тавьсан аж. Бохирдлын бүх эх үүсвэрийг хотоос зайлуулсан байна.
Урьд нь нэг хүнд ногдох ногоон байгууламж 1 метр2 байсан бол одоо 52 метр2 болсон байна. Хотод 1,5 сая гаруй мод суулгаж, шинээр 28 парк, ногоон байгууламж босгожээ. Куритибад 2.3 сая хүн өдөр бүр хямд өртөгтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна. Энэ тээврийн хэрэгслийн загвар нь Лос-Анжелес, Колумбын Богота зэрэг хотуудад үлгэр жишээ болсон юм.
Хотын оршин суугчдын 90 хувь нь өдөр бүр хог хаягдлынхаа гуравны хоёрыг дахин боловсруулдаг. Түүнчлэн хог хаягдлыг нийтийн тээвэрт суух эрх, эсвэл шинэ хүнсний бүтээгдэхүүнээр солих шинэ төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь хотын хамгийн ядуу хэсэгт хүртэл хог хаягдлыг их хэмжээгээр багасгасан юм.
5) Копенгаген, Дани
2009 онд дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хэлэлцсэн Данийн нийслэл Копенгаген хот нь дэлхийн хамгийн ногоон хотуудын нэг юм. Дугуй унах дуртай юу? Энд та ажилдаа дугуйтай явдаг 1,2 сая хүнтэй (хотын хүн амын 1/3 гаруй) нийлж болно. Хотын захиргаа автомашины хэд хэдэн гол замыг хааж, дахиад 75 километр дугуйн зам барьснаар хэдэн жилийн дараа гэхэд хотын хүн амын 50 хувийг дугуй унадаг болгохоор төлөвлөж байна.
Дани нь салхины эрчим хүчний тэргүүлэх үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай юм. Эрчим хүчний 19 орчим хувийг салхинаас гаргаж авдаг. Копенгаген хотод шинэ салхин цахилгаан станц ашиглалтанд орсон бөгөөд 111 салхины турбинтэй аж. Энэ цахилгаан станц нь тус улсын 4 хувийг эрчим хүчээр хангадаг байна.
Копенгаген нь 2025 он гэхэд дэлхийд анхны нүүрстөрөгч үйлдвэрлэдэггүй нийслэл болох төлөвлөгөөтэй байна. Хотын захиргаа “Ногоон дээврийн бодлого” хэмээх хуулийг баталсан бөгөөд энэ бодлогоор бол бүх шинэ барилгын зураг төсөлд тодорхой хэмжээний ургамал орохыг шаарддаг байна.
Эх сурвалж: www.infoniac.ru
Орчуулсан Д.Баярцэнгэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.