Л.Оюун-Эрдэнэ: Зарим концессын гэрээг цуцаллаа

2019-06-19 Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, барих-шилжүүлэх нөхцөлтэй зарим концессын гэрээг цуцалсан бол, стратегийн чухал ач холбогдолтой концессын гэрээг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Тэрбээр, “Барих-шилжүүлэх буюу Засгийн газарт өрийн дарамт болохоор 20 гаруй концессын гэрээг өмнөх Засгийн газар хийсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх концессын гэрээг авч үлдээд бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам барих концессын гэрээг цуцалсан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумыг холбох авто замын концессын гэрээг цуцаллаа. Түүнчлэн сургууль болон цэцэрлэгийн цогцолбор барих багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Цаашид концессын гэрээгээр ажиллаж буй гангийн үйлдвэр барих төсөл, Хөтлийн цемент, шохойны үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас дээрх үйлдвэрийн ажлыг судлах чиглэлийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Учир нь, тухайн үйлдвэр концессын гэрээний заалтаар биш, төмрийн хүдэр олборлох зэргээр өөр ажил эрхэлж байна гэж Засгийн газар үзэж байна.

Стратегийн ач холбогдолтой гэрээг цаашид үргэлжлүүлэн авч явах шийдвэр гаргасан. Тодруулбал, Говийн бүс нутгийн уул уурхайн төсөлд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын төсөл зэрэг нь концессын гэрээгээр цааш үргэлжилнэ. Ингэхдээ ААН-үүдтэй хамтран ажиллах ч гэрээний нөхцөлийг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар санхүүжилт болон санхүүгийн батлан даалт гаргахгүй болно. ААН-үүд ч үүнийг зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагаан нуур, Зэлтэрийн боомтыг холбосон 120 км хатуу хучилттай замын концессын гэрээг мөн дээрх нөхцөлтэй ижил байхаар шийдвэрлэлээ. Засгийн газар цаашдаа барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээний санал авна. Одоогоор, ийм саналтай таван концесын гэрээ байна. Бусад нөхцөлд барих-ашиглах концессын гэрээ хийхгүй байхаар тогтсон” гэв.

Концессын гэрээ байгуулсан ААН-үүд ажил ажлаа хийхгүй Монгол Улсын хөгжлийг хойш татаж буйг сайд мэдээлэлдээ онцолсон. Нөгөө талаар концесстой холбоотой, ААН-үүдэд өндөр шаардлага тавих эрх зүйн орчин дутмаг байгаа гэв. Тиймээс Засгийн газраас ажлын баг гарч, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг тэрбээр хэллээ.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганбатыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Мөн тэрбээр, “Өмнөх Засгийн газрын гаргасан буруу шийдвэр Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бид бодитойгоор туулж байна. Бусдад буруу тохох, ялархах гэсэндээ биш цаашид энэ алдаа битгий давтагдаасай гэж хүсэж байна. Тэг хувийн эдийн засагтай байсан бол одоо сэргэх шатандаа орж 8 хувь болсон. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал эмзэг хэвээрээ байна. Барилгын кранууд олноороо угсрагдаж, царцсан байсан обьектууд сэргэж, хаягдаж байсан малын түүхийн эдийн үнэ нэмэгдэж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх энэ нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газарт амаргүй олон сорилт тулгарсан.

Олон нийт 2016 оны эхэн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг мартаж болохгүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах хэрэгтэй. 2015 оноос банкны салбар улс төр, бизнесийн салбартай хутгалдаж, Монгол Улс олон улсад саарал жагсаалтад орох нөхцөл үүссэн. Одоо ч энэхүү эрсдэл хэвээр байгаа юм. Хэрвээ манай улс саарал жагсаалтад орсон бол та бидний ам.долларын карт гадаадад ашиглах боломжгүй болж, Монгол төгрөгийн валютын ханш 2-3 дахин нэмэгдэж, ААН-үүд олон улсын хэмжээнд бизнес эрхлэх боломжгүй болох байсан. Тиймээс бид ил тод байдлаа харуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг хурцаар гаргаж байна. Манай улс хувийн хэвшилтэйгээ нийлээд 29 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан. Үүнийг үе шаттайгаар төлж байна. Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах асуудлаар Арбитрын шүүхэд ялагдаж Стандарт банканд манай улс 129 сая ам. доллартын төлбөр төлөх нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод үүсээд буй газрын эмх замбараагүй зохион байгуулалт, түүнийг банканд барьцаалсан зэрэг асуудал нь Засгийн газарт амаргүй сорилт болж байна” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.