Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

2019-06-19 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомтын 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм.

Товч мэдээ:

– Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

– “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм.

– Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

– Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

– Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

– 368 стандартыг хүчингүй болгож, 2074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов. Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартыг хамруулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.