Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний нуранги үүсч осол гарсан билээ. Энэхүү ослоор зургаан ажилтан нурангид дарагдаж, хоёрынх нь амь насыг аварсан. Ийнхүү аварагдсан ажилтнуудыг Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэжээ.
Харин үлдсэн дөрвөн ажилтанг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, осол гарсан тухайн өдрийн 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна. Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэсэн юм.
Түүнчлэн уурхайн нурангийг Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 27-ны өдрийн 23:00 цагийн үед газар хөдөлсөнтэй холбоотойгоор хөрс нурах, гулсах нөхцөл үүссэн байж болзошгүй тухай зарим эх сурвалж мэдээллэж байсан. Тэгвэл ОБЕГ-аас энэхүү таамаглалыг эрс няцааж байна. Тодруулбал, нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж буй юм. Харин МХЕГ-аас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан осол болсон “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Дашрамд дуулгахад, “Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн тус тус зөрчиж байсан. Иймээс 2018/02 тоот дүгнэлтээр долдугаар сарын 16-ны өдөр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргаж байсан. Гэвч том толгойлсон тус компанийн удирдлагууд тухайн үед нь уурхайгаа хаасан дүр үзүүлээд, үйл ажиллагаагаа ийнхүү үргэлжлүүлдэг нь эрсдэл дагуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.