Судалгаанд оролцогчдын 72 хувь нь бараа, үйлчилгээний үнэ өснө гэжээ

2018-12-11 Нийтлэл


МУИС-иас эдийн засгийн төлөв байдалтай уялдан хэрэглэгчдийн хүлээлт, хандлагыг харуулдаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” хэмээх судалгаа явуулжээ.

Хэрэглэгчдийн итгэлийн индексийг гаргахдаа эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж, ойрын ирээдүй өөрчлөлтийн талаарх хүлээлт, хэрэглэгчийн худалдан авалтын хандлага, үнийн түвшний өөрчлөлтийн таамаглал, хэрэглэгчийн шинж чанар гэсэн 5 бүлэг асуулгаар судалгаа авч тодорхойлсон байна.

Судалгаанд оролцогчдын нас, боловсролын түвшнээс харахад 35 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн иргэдийн итгэлийн индекс өндөр байдаг бол дунд болон бага боловсролтой 35-аас дээш насныхан “гутранги үзэлтэй” нь ажиглагджээ.

Хэрэглэгчийн индекс нь бүс нутгийн онцлог, нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй байгаа бөгөөд амьжиргааны түвшин, амьдрах орчноос хамаарч иргэдийн улс орныхоо эдийн засгийн төлөвийг төсөөлөх нь зөрүүтэй байжээ.

Энэхүү судалгааг улирал бүр явуулдаг ба сүүлийн улирлын судалгаанд оролцогчдын 72 хувь нь ирэх зургаан сард бараа, үйлчилгээний үнэ өснө гэсэн бол 40 орчим хувь нь ам.долларын ханш чангарсан хэвээр байна гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.

Ам.долларын ханшны талаарх хүлээлтийг нарийвчлан тодруулбал, иргэдийн 40,4 хувь ирэх зургаан сарын хугацаанд валютын ханш өснө гэж хүлээж буй бол 23 хувь нь “өөрчлөгдөхгүй” гэсэн байна.

Харин удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт ихсэж, хүмүүсийн худалдан авах чадвар буурахгүй гэсэн байх юм. Жишээ нь удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөөг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр харахад, ирэх 6 сарын хугацаанд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын эрэлт өсөх хандлагатай гарчээ.

Инфляцын тухайд судалгаанд оролцогсдын 72 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд үнийн түвшин өснө гэжээ.

Хэрэглэгчийн итгэлийн индексийг үнэлэх түүвэр судалгааг АНУ, Энэтхэг, Канад, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн олон оронд Төвбанк, Засгийн газар, бизнес, санхүүгийн байгууллагуудыг оролцуулан хийдэг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.