Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “МАНАН” гэх бүлэг байдаг нь үнэн юм байна

2018-11-23 Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн асуудлаар албан ёсны мэдэгдэл хийв.

Тэрбээр хурлын эхэнд “Манай Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Тухайн үед Ерөнхий сайдаар томилогдохдоо чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ би үнэнч байгаа. Өнгөрсөн хугацаанд 13 аймагт ажиллаж, иргэдтэй уулзан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ард түмэн надаас нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоох, цалин хөлс нэмэх, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хүссэн. Иргэдийн хамгийн их хүсч буй зүйл бол шударга ёс, сахилга хариуцлагыг тогтоох. Дараа нь ахуй амьдралаа дээшлүүлэх талаар ярьж байгаа юм.

Надад хоёр зам бий. Нэгдүгээрт, ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө эр зориг гарган ажиллах. Эсвэл зарим нэг хүмүүсийн өмнө буулт хийж амьдрах. Би бол нэгдүгээр замыг сонгож байгаа. Би Ерөнхий сайд болохдоо “Амь насаа алдахаас айхгүй. Ганцхан ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэж хэлсэн. Энэ үгийг УИХ дахь МАН-ын бүлгийн болон бусад хурал дээр ч хэлсэн. “МАНАН” гэх бүлэг байдаг нь үнэн юм байна. Монголын ард түмний өмч хөрөнгөөр баяжсан, үр хүүхдээ төрд шургалуулсан олигархи бүлэгтэй тэмцэж байна. Надад сэтгэл санааны хүч байгаа ч хууль, эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Газрын наймаа, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын даргаас шаардсан. “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш. Гол нь хэрэгжүүлсэн эсэхийг нь би мэдэхгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага тогтоох ёстой. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж чадаагүйн төлөө бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулаагүй, түгжрэлийг сааруулаагүй, ард түмний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдээгүйн төлөө ажлаа өгөхийг Нийслэлийн Засаг даргаас шаардсан. “60 тэрбум”, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банк, Оуютолгой зэрэг олон асуудал байна. Энэ бүхнийг хийхийн тулд үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Цаашид би намаа цэвэрлэх ёстой. Надад хүч тэнхээ эрх зүйн орчин дутагдаж байгаа ч олон түмэнтэйгээ хийж чадна хэмээн итгэж байгаа. Төрийн мөнгө, газрын доорх баялгаар баяжсан хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Тиймээс миний тэмцэл улам хатуурах болно. Би гудамж талбайд үймээн самуун болоосой гэж огт хүсэхгүй байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй ч хатуу тэмцэнэ. Намуудад ард түмнээ гэсэн сэтгэлтэй олон мянган хүн байгаа бол шударга бус үйлдлийн эсрэг хийх тэмцэлд нэгдэхийг хүсч байна. Өнөөдөр аж ахуйн ажлаа хийгээд явж байх ёстой. Гэтэл намайг улстөр ярихаас өөр аргагүйд хүргэлээ. Засгийн газар төлөвлөсөн бүтээн байгуулалтуудаа хийгээд явж байна. Энэ их ажлын хажуугаар сахилга бат, шударга ёсыг бий болгох хэрэгтэй юм байна” гэв.

Ийнхүү эл үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Та 300 офицер цуглуулж бослогод уриалсан нь үнэн үү?

-Надтай 400-500 гаруй хүн уулзаад, гудамж талбайд гарч тэмцэнэ гэсэн. Тухайн үед би үймээн самуун гаргаж болохгүй гэж хэлсэн. Тэрнээс биш бослого тэмцэлд уриалсан зүйл байхгүй. УИХ-ын дэд дарга тун хариуцлагагүй зүйл ярьсан.

-Я.Содбаатар сайд ЖДҮХС-гаас зээл авсан. Энэ хүнд хариуцлага тооцохгүй юм уу?

-Нөхөр Я.Содбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай бол ажлаас нь чөлөөлнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.