Төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлсэн нь илчлэгдэж байсан Н.Цэрэнбат сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мэхлээд зогсохгүй Монголын нэрийг унагалаа.
Арабын нэгдсэн Эмират улс 2018 оны зургадугаар сарын 5-нд нэг сая ам.долларыг буцалтгүй тусламж болгон өгчээ. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг манай улсад бэлэглэсэн байна. Гэхдээ эл мөнгийг салхинд хийсгэж, хэн нэгний халаас руу оруулахгүйн тулд агаар, орчны бохирдлыг шийдэхэд зарцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хаягласан захидалдаа дэлгэрэнгүй дурьджээ. Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газарт Арабын нэгдсэн Эмират улсаас 1 сая ам.долларыг дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн захирагч ноён Шейх Мухамед бин Рашид Ал Мактоумаас танай улсын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд дэмжих зорилгоор бэлэг болгон өгч байгааг танд дуулгахад таатай байна. Энэхүү дэмжлэг нь “Эрүүл мэнд-Интернашнэл” байгууллагын төслийн хүрээнд дээрх асуудлыг шийдэхэд олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тухайлбал эко цахилгаан халаагуурын эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд байрлуулах зэрэг ажилд зарцуулагдах болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, мөнгийг юунд, хаана зарцуулахыг тодорхой зааж өгсөн байна.
Хачирхалтай нь, салбар хариуцсан сайд мөнгөний зориулалтыг эрс өөрчилж, түүнийгээ Засгийн газарт хэзээ хойно танилцуулсан нь анхаарал татна. Н.Цэрэнбат сайдын энэ оны есдүгээр сарын 3-ны өдрийн А/322 тоот Зардлын хуваарь батлах тухай тушаалд “…БОАЖЯ, АНЭУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам хоорондын санамж бичгийг үндэслэн…” хэмээжээ. Буцалтгүй тусламж санамж бичиг болж зүсээ хувиргаж эхэлсэн эхний тохиолдол нь энэ. Улмаар тэрхүү тушаалд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон нэр нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Товчхондоо, агаар, орчны бохирдлын зориулалт нь эрс өөрчлөгдөв.
Энэхүү тушаал батлагдсаны маргааш нь буюу есдүгээр сарын 4-нд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон өөрчилсөн нэрнийхээ дагуу төсвийн задаргааг хийсэн байдаг. Төслийн төсөв болох 999.990 ам.доллар буюу 2.410.975.890 төгрөгийн хуваарилалтыг хийсэн гэсэн үг. Ингэхдээ мод тарих, булгийн эхийг хамгаалах, бэлчээрийг ашиглах гэх байдлаар 670.9 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Мөн нэн ховор амьтад, махчин шувуудыг хамгаалах судлахад 200 сая төгрөг, иргэдэд экологийн боловсрол олгоход 345 сая төгрөг гэх байдлаар хуваарилалтыг хийжээ. Түүнчлэн орон нутгийн орчны байгууллагад нэг ширхэг автомашин нийлүүлэхэд 35 сая төгрөг, ажилтан, зөвлөх, хурал, семинар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардалд 98 сая төгрөг гэх байдлаар өнөөх мөнгийг зарцуулахаар болсон байна. Юун сургууль, цэцэрлэг, эмнэлэгт эко халаагуур байрлуулах.
Ийнхүү мөнгийг хуваарилсаныхаа маргааш буюу 5-ны өдөр нь А324 тоот салбарын сайдын тушаалаар эрх шилжүүлж, хөрөнгө гаргаж эхэлсэн байна.
Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүх үйл явдал өрнөсний дараа Засгийн газарт өнөөх мөнгөний талаар Н.Цэрэнбат сайд танилцуулсан байдаг. Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд “БОАЖЯ-ны хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах”-д чиглэсэн үйл ажиллагааг АНЭУ-ын Байгаль орчны яамны “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах сангаас дэмжин ажиллахаар тохирсон талаар танилцуулав” хэмээн тэмдэглэлд тусгажээ. Засгийн газрын хуралдаанд оруулах болмогцоо агаарын бохирдол хэмээн анхны зорилгын санааг тусгасан төдий байдал нь харагдана. Улмаар тус хуралдаанаас буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Н.Цэрэнбат сайдад даалгасан байна. Хэдийнэ төлөвлөгөөг нь гарч, санхүүжилт нь хийгдэж эхэлчихээд байхад Засгийн газар үүрэг өгөөд сууж байх жишээтэй.
У.Хүрэлсүхийг ингэж мадлаж дөнгөөд байгаа нөхөр дөө. Н.Цэрэнбатын дотор эмээл хазаартай морь, эзэнтэйгээ сууж байгаа гэдэг ч үнэний хувьтай биз. Төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлж, АТГ илрүүлчихээд байхад мэлзэж суусан нөхөр. Гэвч даравч далдайж, булавч бултайна гэгчээр мэдээллийг нязаах гэж байгаад 26 компанид хувьцаа эзэмшдигээ олон нийтэд зарласан төдийгүй барилгын салбар дахь хувийн бизнесийг нь авч явдаг бизнесийн хамтрагч Баттулга болон Намсрайн Цэрэнбат сайдын дүү Намсрайн Отгонжаргал гэх нөхдөөр дамжин хийгдсэнийг бараг л өөрөө тодотгоод өгчихсөн юм даг.
Өнөөх 26 компанийнх нь нэг болох “Хархираан хөгжил инвест” компани нь Мал хамгаалах сангаас 600 сая төгрөг хүүгүй зээлсэн гээд дурьдаад байвал уртхан жагсаалт хөврөх вий. Мад тавиулж, мэхлүүлж суугаагаа У.Хүрэлсүх мэддэг болов уу. Тэрийгээ мэдэхгүй Засгийн газрын хуралдаанаар малын тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн шигээ суугаа юм даг уу. У.Хүрэлсүх ч өтөлж дээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.