“Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам”, “100 жилийн түүхтэй нам” хэмээн өнөөгийн эрх баригчид бахархан ярьдаг. Тэгвэл сүүлийн долоон хоногт өрнөсөн улс төрийн үйл явцыг харвал улс төрийн ууган хүчин байтугай, байгуулагдаад нэг ч жил болоогүй жижиг нам шиг, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна, 100 жилийн түүхтэй нам нь…
Эл бужигнаан 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаснаас эхлэлтэй хэмээн улс төр судлаачид үзэж байна. Ортой ч байж мэднэ. Тухайн үед МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал нь хуралдаад Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэг улс төрийн шийдвэр гаргачихаад байхад “Нам хамаагүй… Миний хувийн ашиг сонирхол л хамаатай” гэж хашхирсаар байгаад санасандаа хүрч, сарвайснаа авсан У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний намын даргын суудал өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, ангал руу унахад ойрхон болоод байна.
УУГАН НАМЫГ ХОЁР ХУВААЖ СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛСАН
“ГАВЬЯА ХЭНИЙХ ВЭ?”
Угтаа өнөөдрийн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намдаа байгуулсан гавьяа нь ч бий, гай нь ч бий. Гэхдээ хуруу дараад тоолбол гавьяанаасаа гай нь их санжээ.
Тэрбээр Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намаа хоёр хуваан самарч, үүнээсээ улбаалан 2012 оны сонгуульд өдгөөгийн МАН байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч, журмын нөхөд нь гудманд лааз өшиглөж явсан цаг саяхан.
Зөвхөн УИХ-ын сонгуульд ялагдаад зогссонгүй Нийслэлийн ИТХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн бүхий л сонгуулиудад АН-д бут ниргүүлж, шороо пургиулан газарт унасан юмдаг.
Ингээд жагсаалтын хоёрт бичигдэж арайчүү гэж УИХ-ын сэнтийд заларсан У.Хүрэлсүх чуулганы үүдний өрөөнд тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Баярсайханд шанаа өгч, цагдаа шүүх дээрээ тулж, хэрэгт унах болсноо ойлгож өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, эхнэрээ эмчлүүлэх нэрийдлээр алсын Австралийг зориод алга болж өгсөн л дөө…
Товчхондоо, журмын нөхдөө шаварт түлхэж унагачихаад “Би хамаагүй шүү” гээд арьсаа хамгаалаад, бөгсөө харуулаад зугтчихсан цэрэг хүн л дээ… Уг нь цэрэг хүн чинь дайны талбарт хамтрагчдаа орхидоггүй гэсэн биз дээ… Манай “хурандаа” Ерөнхий сайдын хувьд тийм жудаг, ийм сэтгэл байсангүй. МАН-аа ялагдуулаад, нөхдөө хаяад биеийн амрыг хайгаад Австрали зүг арилж одсон түүх нь ийм…
ЯЛАГДЛААС ЯЛАЛТ РУУ ХӨТӨЛСӨН “ГАЙ ХЭНИЙХ ВЭ?”
Монголын улс төрд урьд хожид амсаж байгаагүй ялагдал хүлээсэн, цаашлаад дахиж сэргэхэд тун бэрх болоод байсан МАН-ыг хэн удирдах вэ гэдэг марафон 2013 онд болсон юмдаг. Тэгэхэд МАН-ын дийлэнх олонхи нь намын даргаараа одоогийн УИХ-ын дарга М.Энхболдыг, Ерөнхий нарийн бичгийн даргаараа одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт итгэл үзүүлж, хүнд ачаа үрүүлсэн. Дээрх хүмүүс ч журмын нөхдийнхөө итгэлийг зүтгэлээр хариулж шороотой хутгалдсан намыг УИХ-д “бүдүүн” бүлэг болтол тордсон “ГАЙ” нь яг үнэндээ М.Энхболд, Ж.Мөнхбат хоёрт очиж наалдана.
Сөрөг хүчнээс илт олонхи болсон МАН-ынхан өөрсдийнхөө хүчээр өнөөдөртэй золгочихсон юм шиг аашилж байгаа нь том эндүүрэл. Хэрэвзээ 2013 онд МАН энэ хоёроос өөр удирдлага сонгосон бол өнөөдөр 64 суудалтай даналзаж суух уу гэдэг нь бас л эргэлзээтэй. 2013-2016 оны гурван жилд МАН-ыг удирдсан дээрх хоёр хүн их зүтгэсэн.
МАХН-тайгаа эвлэрье гэж нэг үзсэн, хамтаръя гэж бас нэг оролдсон. Энэ бол М.Энхболдын Монголын улс төрд туулж ирсэн жудаг, цадигийн нэгээхэн жишээ юм даа. Хэрэв М.Энхболдоос өөр хүн байсан бол МАХН-ыгаа харааж, зүхээд өөртөө татах биш өрөөл рүү түлхэж орхих байлаа. Яг л өнөөдрийн МАН-ын дарга шиг…
М.Энхболд МАН-ыг удирдаж байхад өнөөдрийнх шиг ийм эвдрэл, талцал болдоггүй байсан санагдана. Ялагдлыг ялалт болгон дөтөлсөн “ГАЙ” бол яалт ч үгүй М.Энхболдод хамаарна. Яах гэж тэгж их шүд зуун байж МАН-ыг 65 суудалтай болгосон юм бэ? Зөнгөөр нь явуулж байгаад ялбал ялаад, ялагдвал ялагдаг гээд орхиж болох л байсан. Гэхдээ М.Энхболд тэгээгүй. Журмын нөхдийнхөө өмнө амласан амлалт, хэлсэн үгэндээ хүрэх гэж зүтгэсэн, ялсан…
М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын МАН-д оруулсан гавьяаг жингийн туухай дээр жигнэж үзвэл М.Энхболдынх нь арай илүү жин дарна. Тэрнийхээ горыг ч өнөөдөр амсаж явна.
У.Хүрэлсүх бол яах вэ хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэрээр ялагдсан үед нь ялгүй зугтчихаад, ялсан үед нь хамаг гавьяаг нь үүрэх гэсэн “АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН” болж харагдаж байна, өнөөдөр… Бүр цаашилбал, хэдэн дүү нараараа туг тахиж өөрийгөө дөвийлгөж байгаа нь өөрийнхөө унах нүхийг чамбайхан бэлтгэж байгааг илтгэнэ.
МАН-ын толгойд У.Хүрэлсүх гарлаа л бол ууган намд хуй салхи дэгддэг нь жам юм даа…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.