А.Батсайхан: Цахим мөнгөний хэрэглэгч болсноор цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой

2018-10-29 Эдийн засаг


Цахим мөнгө болон төлбөр тооцооны системд нэвтрүүлж буй шинэ үйлчилгээний талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын ахлах мэргэжилтэн А.Батсайхантай ярилцлаа.

-Зарим байгууллага цахим төлбөрийн шинэ хэлбэрийг нэвтрүүлж байна. Тухайлбал, “Candy” цахим мөнгө албан ёсоор хэрэглээнд нэвтэрч эхэллээ. Давуу тал, ач холбогдлын тухайд ямар байх бол?

-“Мобифинанс” банк бус санхүүгийн байгууллагаас гаргаж буй “Candy” цахим мөнгөнд албан ёсны зөвшөөрөл олгосон. Энэ нь Монгол Улсад цахим мөнгө гаргахаар олгож буй анхны зөвшөөрөл гэдгээрээ онцлогтой. Энэхүү цахим мөнгийг хэрэглэгч талаас харвал төгрөгтэй яг адилхан төлбөр тооцоонд ашиглана. Цахим мөнгийг ашиглаж алсын зайнаас шилжүүлэг хийдэг, гээж үрэгдүүлэх эрсдэл бага гэх мэт бэлэн мөнгөнөөс олон давуу талтай. Цахим мөнгөний хэрэглэгч болоход маш хялбар. Гар утаснаасаа мессеж бичээд л ашиглах боломжтой болно. Биеээр очиж бүртгүүлэх, гэрээ байгуулж гарын үсэг зурах зэрэг чирэгдэлтэй үйлдэл байхгүй. Нөгөө талаас үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд цахим мөнгө гаргаж буй газартай нэг удаа гэрээ байгуулснаар төлбөр тооцоондоо ашиглах боломжтой юм. Ингэхэд шинээр төхөөрөмж худалдан авах, бүртгэлийн хураамж гэх мэт нэмэлт зардал шаардахгүй. Мөн бэлэн мөнгө хүлээн авч хадгалах, тээвэрлэх эсвэл банкинд тушаах гэх мэт үйл ажиллагаанд зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэх бүрэн боломжтой бөгөөд зөвхөн цахим мөнгөний гүйлгээ тутамд бага хэмжээний шимтгэл төлнө.

-Нэг “Candy” нэг төгрөгтэй тэнцэнэ гэж байгаа. Тэгэхээр хэрэглэгч яаж “Candy”-тэй болох вэ?

-“Candy” үйлчилгээний хувьд хэрэглэгч “Мобифинанс” банк бус санхүүгийн байгууллагад төгрөгөө өгөх ёстой. Ингэхдээ банкаар дамжуулах эсвэл бэлнээр өгөх эсэх нь тухайн хэрэглэгчийн шийдэл. “Мобифинанс”-аас тухайн төгрөгийг өөрийнхөө дансанд байршуулж, оронд нь хэрэглэгчид “Candy” өгнө. Түүгээр тухайн хэрэглэгч худалдан авалт хийх боломж бүрдэх юм.

-Үйлчилгээний байгууллагууд цахим мөнгөөр гүйлгээ хийх талд хэр зэрэг бэлтгэлтэй байна?

-Дэлгүүр, цайны газар зэрэг зарим байгууллага аль хэдийнэ гүйлгээ хийж эхэлсэн байгаа.

-Цахим мөнгөөр гүйлгээ хийж буй хэрэглэгчийг хохироохгүйн тулд аюулгүй байдалд нь Монголбанк ямар байдлаар хяналт тавих вэ?

-Холбогдох хууль журмын хүрээнд цахим мөнгөний үйл ажиллгааг Монголбанк хянаж, цахим мөнгө гаргах гэж буй бүх этгээдэд мөн зөвшөөрөл олгоно. Цахим мөнгөний эрх зүйн зохицуулалтын хувьд шинээр оруулж ирсэн нэг зүйл нь баталгааны данс юм. Цахим мөнгийг хэдий хэмжээгээр гаргах гэж байна, түүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг банкны дансанд баталгаа болгож байршуулах ёстой. Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг өөр ямар нэгэн зориулалтаар ашиглаж болохгүй, зөвхөн хэрэглэгчийн цахим мөнгийг төгрөгт хөрвүүлэхэд л ашиглана. Ийм баталгаа гаргаснаар эцсийн хэрэглэгчийг цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч дампуурах эрсдэлээс баталгаатай хамгаалах маш хүчтэй зохицуулалт болсон.

-Монгол Улсад гадаад, дотоод төлбөрийн шилжүүлгийг ямар хяналтан дор явуулдаг вэ. Хүмүүс Монголбанк хянадаг гэж ойлгодог?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж буй гүйлгээг хуулийнхаа хүрээнд Монголбанк зохицуулдаг. Харин Монгол Улсаас гадагшаа гарах, дотогш орох олон улсын гүйлгээнд манай улсын төлбөрийн системийн хууль дүрэм үйчилдэггүй. Банкууд тус тусдаа олон улсын сүлжээний гарцтай байдаг. Тэд үүнийгээ ашиглаж олон улсын гүйлгээ хийдэг. Тиймээс Монголбанкнаас олон улсын гүйлгээнд ямар нэгэн зохицуулалт хийдэггүй.

-Тэгэхээр зарим банкны гадаад гүйлгээний данс хаагдсан тохиолдолд, мөн гаднаас оруулж ирж буй мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй сэжигтэй, ихээхэн хэмжээний мөнгөний гүйлгээ зэргийг Монголбанк зохицуулж, хянах боломжтой юу?

-Аль нэгэн банкны гадаад гүйлгээний тухайн дансыг олон улсын хууль дүрмээр зохицуулж байгаа учраас Монголбанк үүнд нөлөөлөх ямар нэгэн боломжгүй. Харин гаднаас оруулж ирж буй мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй сэжигтэй, ихээхэн хэмжээний мөнгөний гүйлгээг Мөнгө угаах болон террозимыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зохицуулсан байдаг. Тухайлбал, 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн тохиолдолд холбогдох газарт нь бүртгүүлэх ёстой гэсэн заалт бий.

-Сүүлийн үед олон улсад мөнгөн гуйвуулгыг хэд хэдэн төрлийн цахим хэлбэрээр хийдэг боллоо. Энэ мэтээр санхүүгийн салбар эрчимтэй технологжиж байгаа ийм үед Монголбанк бодлогын төвшинд хэр бэлэн байна вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг энэ жил мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр төлбөрийн системд банкнаас бусад байгууллагыг оролцуулах хууль эрх зүйн боломж нээгдэж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжид Монголбанкнаас цахим мөнгөний журмыг боловсруулж батлуулсан бөгөөд цахим мөнгө гаргах санхүүгийн үйлчилгээг банкнаас бусад ХХК үзүүлэх боломжтой болсон. Цаашид төлбөрийн картын болон бага дүнтэй төлбөрийн системд банкнаас бусад байгууллалгыг хэрхэн оролцуулах боломжтой талаар судалж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлж, оролцох боломжийг нь нээхээр ажиллаж байна.

-Олон улсын санхүүгийн салбарын чиг хандлагын талаар сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?

-Олон улсын санхүүгийн зохицуулах байгууллагуудын ахаарлыг татаж буй нэг сэдэв бол яалт ч үгүй криптовалют, үүний ард ашиглаж буй блокчэйн технологи юм. Энэ технологийг төлбөрийн системд тодорхой хэмжээнд ашиглах боломж бий. Тиймээс зарим улсын төв банк үүнийг төлбөрийн системд яаж ашиглах талаар судалгаа явуулж, туршилт хийж байна. Жишээлбэл, Сингапур улсын төв банк (Мөнгөний бодлогын газар)-аас блокчэйн технологийг их дүнтэй төлбөрийн системд ашиглах талаар урт хугацааны туршилт хийж, энэ талаарх тайлангаа олон нийтэд мэдээлсэн. Үүнд “Блокчэйн технологи одоохондоо арай шинэ, үүнийг ашигласнаас гарах үр өгөөж нь хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Харин нэмэлт зардал нь өндөр байгаа учраас одоохондоо их дүнтэй төлбөрийн системд ашиглахгүй. Гэхдээ энэ технологи маш хурдацтай хөгжин шинэчлэгдэж байгаа учраас туршилтаа цааш нь үргэлжлүүлнэ. Хэзээ нэгэн цагт ашиглах боломж бүрдэж магадгүй” гэсэн дүгнэлт гаргасан.

-Манай улсын хувьд криптовалютын талаар ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

– Криптовалютын тухайд Монголбанкнаас хоёр, Санхүүгийн зохицуулах хорооноос нэг удаа мэдэгдэл гаргасан. Тодруулбал, криптовалют нь өндөр эрсдэлтэй, үүнийг хянах зохицуулах байгууллага байдаггүй болохоор үүнд хөрөнгө оруулж, ашиглаж байгаад хохирсон тохиолдолд буцаан олох ямар ч боломжгүй байдаг болохоор болгоомжтой хандахыг анхааруулсан. Нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд бараа ажил үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасан. Тиймээс битикойныг төлбөрт ашиглаж болохгүй, ашигласан тохиолдолд хууль бус үйлдэл болно. Одоогийн байдлаар ийм зохицуулалттай байна.

-Дэлхий нийтэд энэ технологийг ажиглаж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа энэ үед манай улс цаашид ямар шийдэлд хүрэх ёстой вэ?

-Дэлхий нийтийн хувьд криптовалют болон блокчайн технологийн хөгжлийг ажиглаж байгаа учраас Монголбанкны зүгээс мөн адил тодорхой хэмжээнд харзанасан байдалтай байна. Гэхдээ харж байна гээд нь гар хумхиж зүгээр суугаагүй, блокчэйн технолог түүний хэрэглээг судалах ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэг нь эхний тайлангаа Монголбанкны удирдлагуудад танилцуулсан. Холбогдох хуульд криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болохгүй гэж заасан нь ойлгомжтой, харин хөрөнгө оруулалт маягаар ашиглах шинж чанар байна. Энэ нь төлбөрийн системийн зохицуулах асуудал биш учраас үүнийг Монголбанк дангаараа зохицуулах боломжгүй.

-Монголбанк орчин үеийн чиг хандлагатай уялдуулан ямар бодлого, чиг хандлага баримталж байна?

-Бид бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, цахим төлбөр тооцоог дэмжих, төлбөрийн шинэлэг хэрэгсэл, санхүүгийн үйлчилгээг бий болгох боломжийг бүрдүүлэх бодлого, чиг хандлага баримталж байна. Энэ хүрээнд цахим төлбөр тооцоог дэмжих зорилготой хоёр сарын аянг Монголбанкнаас зарласан. Аяны зорилго бол цахим төлбөр тооцоог сурталчлах, иргэн бүрт таниулах явдал юм.

-Санхүүгийн салбарын технологийн хөгжил дэвшлийг цаг алдалгүй Монголд нэвтрүүлж чадаж байна уу?

-Санхүүгийн тэр дундаа төлбөрийн системийн хөгжил дэвшил дэлхийн хөгжилтэй нэлээд ойрхон явж байна. Жишээлбэл, Монгол Улсад бага буюу нэг сая төгрөгөөс ба түүнээс доош дүнтэй банк хоорондын төлбөр тооцоог бодит цагийн горимд явуулдаг болсон. Тодруулбал, нэг хэрэглэгч гүйлгээ хийсэн тэр даруйд хүлээн авагчийн дансанд орж байна. Энэ тогтолцоог дэлхий нийтэд цөөхөн улс орон нэвтрүүлсэн байдаг. Түүний нэг нь манай улс.

-Төлбөрийн картын тухайд олон улсад нэвтрүүлсэн үйлчилгээг нэвтрүүлж чадаж байна уу?

-Монгол Улсад бүх төрлийн төлбөрийн карт гарч байна. Олон улсын схемээс гаргадаг картын хувьд ашиглахад харьцангуй нээлттэй байдаг, дотоодын ₮ буюу үндэсний төлбөрийн картын тухайд Монголбанкнаас зөвшөөрөл олгодог. Ирэх онд ₮ картыг олон улсын стандарт хангасан чиптэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр хулгай залилангийн гүйлгээ гарахгүй, мөн төлбөрийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой болно. Жишээлбэл, иргэн ₮ картаа ашиглан автобусны төлбөрөө төлөх эсвэл дэлгүүрээс худалдан авалт хийхдээ зайнаас уншуулах гэх мэт шинэлэг үйлчилгээ ашиглах боломжтой болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.