М.Оюунчимэг: Аливаа бизнест хүн хоорондын харилцааг чухалчилж байна

2018-10-19 Эдийн засаг


МҮХАҮТ-ын нэг гадаад түнш байгууллага болох Токио хотноо байрладаг Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн судалгааны институт /ERINA/ байгуулагдсаны 25 жилийн ой саяхан тохиосон байна. Бүс нутагт хамаарах орнуудын эдийн засгийн байдал, худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг судалдаг тус байгууллагын ойн арга хэмжээнд оролцоод ирсэн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгээс дараах тодруулгыг авлаа.

– Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн судалгааны институт /ERINA/ гэж яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ? Манай улстай хэзээнээс холбоо тогтоосон бэ?

– ERINA байгууллагатай МҮХАҮТ анх 2002 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байсан. Монголоос хамгийн анх холбоо тогтоож, Монгол-Японы эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож эхэлсэн байгууллага бол МҮХАҮТ. Тухайн үед хоёр орны эдийн засгийн харилцаа төдийлөн хангалттай биш байсан. Харилцан судалгаа хийж, мэдээлэл солилцож явсаар 2016 онд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдахад энэхүү хамтын ажиллагаа бодит хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэхүү хэлэлцээрийг байгуулахад олон байгууллагын, олон талт хамтын ажиллагаа үндэс суурийг бүрдүүлсэн. Эдгээрийн нэг нь ERINA гэж зүй ёсоор хэлнэ.

– Японтой Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жил боллоо. Тэд энэ хэлэлцээрийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

– EPA хэлэлцээр байгуулагдаад хэрэгжиж эхэлсэн нь өөрөө маш дэвшил. Энэ хэлэлцээрийн алдаа оноо, туршлага дээр бид цаашид БНСУ, БНХАУ, Евразийн орнуудтай хөнгөлөлттэй хэлэлцээрүүдийг байгуулна. Японтой байгуулсан хэлэлцээрт заасан төрөл, тарифын болон тарифын бус хөнгөлөлтийн нөхцөл бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа ч бидэнд ахиц дэвшил бий. Цаашид анхаарах, сайжруулах, мэдээллийг Японы болон бусад орны хөрөнгө оруулагчдад нэг цэгээр, нээлттэй, ойлгомжтой хүргэх, эргэх холбоотой байлгах шаардлага бий. Үүнд Танхим анхаарч, Нэг цэгийн үйлчилгээ олон хэл дээр үзүүлэхээр бэлтгэж байна. Монголд суугаа Японы ЭСЯ болон Монгол-Японы зөвлөлөөрөө дамжуулан мэдээллийг боловсруулахаар ажиллаж байгаа. EPA хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жилийг үдэж буй энэ хугацаанд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй үетэй харьцуулбал 72.1 хувиар өсч, 98.5 сая ам.долларт хүрчээ.

Тодруулбал хоёр орны бараа эргэлт 2016 оны гуравдугаар сард 57.2 сая ам.доллар, 2017 оны гуравдугаар сард 77.6 сая ам.доллар, 2018 оны гуравдугаар сард 98.5 сая ам. долларт хүрээд буй нь чамлахааргүй амжилт юм. Худалдаа эргэлт нэгэнт нэмэгдсэн учир 16 жилийн өмнө байгуулсан Санамж бичигт өөрчлөлт оруулах шаардлага гарч ирсэн. Үүнийг харгалзаж саяын арга хэмжээний үеэр шинэчлэн байгууллаа.

– Энэ байгууллага судалгаанаас өөр юу хийдэг вэ? Ойн үеэр ямар арга хэмжээнүүд зохиогдсон бэ?

– ERINA хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь судалгааны болон эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Зүүн хойд Азийн 6 улс буюу Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ, Монголын эдийн засгийг холбосон, харьцуулсан, салбар бүрээр ангилсан олон судалгаа, эдийн засгийн үндэслэлүүд гаргахаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспортыг дэмжих, технологийг түгээх ажил хийдэг. Төв оффис нь Нийгата мужид байдаг. Энэ муж нь Япондоо хүнс үйлдвэрлэлээр тэргүүлдэг гэдгийг Та бүхэн мэдэх байх. Бидний сайн мэдэх “Sunrise” будааг цайруулах технологийг энэ мужаас оруулж ирж манай Техник импорт компани цайруулж савлах үйлдвэр байгуулсан. Цаашид хүнсний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, зөвхөн хүнс гэхгүй аж үйлдвэрийн хөгжлөөс дээрх орнуудад түгээх, хамтрах чиглэлээр ажиллана. Түүнчлэн бизнес форум зохиох, хөрөнгө оруулагчдыг харилцан танилцуулах уулзалтууд хийхийг эрмэлздэг. Саяын арга хэмжээний хүрээнд эрдэмтэн судлаачид, эдийн засагчид оролцсон бүтэн нэг өдрийн симпозиум “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх судалгаа, цаашдын чиг хандлага” сэдвийн дор болсон. Илтгэлүүдийн ерөнхий агуулгыг харахад эдгээр орнуудыг холбох, эдийн засгийн харилцааг сайжруулах хамгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал гэж үзэж байна. Дараа нь худалдаа, хөрөнгө оруулалт, тэгээд дэд бүтэц буюу байгальд ээлтэй технологийг чухалчилж байна.

– Аялал жуулчлалыг яагаад тэгж онцолсон юм бол?

– Аливаа бизнесийн харилцаа хүн хоорондын харилцаан дээр тогтдог. Дээр нь тухайн орны соёл, зан заншлыг мэдэж байж харьцвал илүү амар байдаг. Энэ боломжийг бүрдүүлж, улс орноо сурталчлах, эхний ээлжинд шууд хөрөнгө оруулалт, орлого ашиг ярихдаа биш харилцан нэвтрэлцэхэд аялал жуулчлал маш чухал үүрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдэж байна. Аялал жуулчлал гэхээр улс орны хэмжээний, ерөнхий нэг зүйл болгож хараад байна. Зүй нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаанаас маш их зүйл шалтгаалдаг. Орон нутаг хооронд бага гэлтгүй бизнесээ танилцуулж, амралтын болоод ажил хэргийн аялал жуулчлал харилцан зохион байгуулахад нь тусалж чадвал бизнесийн боломж гарцууд илүү тод харагддагийг ярьж байна.

– Удаах чиглэлд нь худалдаа, хөрөнгө оруулалт буюу дижитал эдийн засаг, э-коммерсыг онцолсон байна л даа. Худалдааг цахимжуулна гэж байнга ярьдаг ч яг юунаас эхэлбэл оновчтой вэ?

– Бид сэтгэлгээнээсээ эхлэх хэрэгтэй. Зохион байгуулж байгаа үзэсгэлэн яармаг, бүтээгдэхүүний танилцуулгыг дижитал технологи ашиглаж, зардал чирэгдэл, зай талбай, тээвэр багатай байдлаар шийдэхээс суралцах цаг ирсэн. Манайхан үзэсгэлэнд оролцохдоо бүх бараа бүтээгдэхүүнүүдээ сав суулга, хайрцаг боодолтой нь чирээд авч явж байна. Бүтээгдэхүүний бүхий л орц, онцлог чанар, давуу талыг дижитал маягаар үзүүлдэг, бараг л гарт баригдаж, шүдэнд хазагдаж байгаа мэтээр таниулах, сурталчлах, үнэхээр таалагдсан тохиолдолд онлайнаар захиалга аваад, эцсийн бүтээгдэхүүнийг хүргэхдээ найдвартай байдлыг дээд зэргээр хангах гэхчлэн үе шаттай бий болгох юмнууд байна л даа. Ер нь бол худалдаа хийхэд дэлхийн өнцөг булан бүрээс бараа бүтээгдэхүүн захиалах, хамгийн ойр, хамгийн зардал багатай тээврийн хэрэгслээр түгээх чиглэл рүү дэлхий нийт явж байгаа. Энэ виртуал чиглэл рүү манай бизнесүүд орохгүй бол хоцрох хандлагатай болсон байна.

– Дэд бүтэц буюу байгальд ээлтэй хаягдалгүй бизнесийг хөгжүүлэх талаар судалгаа хийснээ танилцуулсан гэсэн. Гол санаа нь юу байв?

– Тээвэр ложистикт түлхүү анхаарсан байна. Ачаа бараагаа хамгийн бага зардлаар хамгийн хурдан, аюулгүй байдлаар хүргэх гарцыг далайн тээвэр гэж тодорхойлсон. Хуурай зам, төмөр замыг бодвол хугацаа хождог, зардал багатай, бас хамаагүй дөт. Гэхдээ энэ нь манай улсын хувьд далайд гарцгүй гэдгээрээ бага зэрэг хүндрэлтэй ч зөв зохион байгуулж чадвал үр ашгийг нь нэмэгдүүлж болно. Бид одоо Хятадын Тьянжин, Хонгконгын Синган боомтыг ашиглаж байгаа. Эдгээрийг яавал зардал чирэгдэл, хүнд суртал багатайгаар ажиллуулах, бүрдүүлэлт хяналт шалгалтыг цөөрүүлэх, замын зураглалыг оновчтой байлгахад илүү нухацтай ажиллах болсон. Ложистикийн асуудал, боомтын нэвтрэх хүчин чадлыг шийдэхгүйгээр бидэнд ахиц гарахгүй. Тиймээс цаашид судалгаанд суурилсан идэвхтэй хамтын ажиллагаа чухал байна.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.