Оюутолгойн гэрээг сайжруулах талаар хэлэлцжээ

2018-10-10 Засгийн газар

-“Оюутолгой” компаниар 35 сая долларын татвар төлүүлнэ-

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлж, хорь гаруй асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлж, хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон Оюутолгойн гэрээг сайжруулах талаар хийж байгаа яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар онцлов.

Тодруулбал, Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг эхний хагас жилийн байдлаар хянаж үзлээ. Ингэхдээ бүх яам, агентлагийн үр дүнгийн хэрэгжилтийг авч үзсэн. Үндсэн чиглэл 50,9 хувьтай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 6,3 хувь, төсвийн тэнцэл 291,3 тэрбум төгрөгийн ашигтай, инфляц найман хувьд хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Гадаад өр 2017 оны эцэст 22,7 их наяд төгрөг байсан бол 2018 оны эхний хагас жилд 21,1 их наяд болж 1,6 их наядаар буурсан байна. Энэ дагуу холбогдох яам бүрт үүрэг чиглэл өгсөн аж.

Харин тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулж дараах тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, “Рио Тинто”-той хийсэн. Ингээд Монгол Улсын ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд ирж байгаа зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэх мэт таван үндсэн зарчим дээр тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Хоёрдугаарт, Оюутолгой, Тавантолгойд цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Гэрээ ёсоор дотоодоос эрчим хүч авах ёстой ч энэ заалт хэрэгжихгүй байсан. Жилд 150 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг Оюутолгой импортоор авдаг. Үүнийг дотоодоос авах боломжийг бүрдүүлэхийн тулд цахилгаан станцыг Тавантолгой юм уу Оюутолгойд барих, эсвэл дотоодын эрчим хүчний шугамаар хэрэглээгээ хангахаар тохиролцлоо” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Оюутолгойн гэрээтэй холбоотой эцсийн шийдэл юу байв?

-Оюутолгойгоор 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр зарчмын хувьд тохирсон. Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан байдаг. Үүнийг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотой юм.

-Зээлийн хүү бууруулахаар тохирсон гэж байна. Яг хэд хүртэл бууруулахаар тохирсон бэ?

-Монгол Улсын хүртэх хугацааг наашлуулах, хоёрт, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах таван үндсэн зарчим дээр тохирсон. Бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор яг тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчим дээрээ тохирсон.

-Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан ч 35 сая ам.доллар төлүүлнэ гэхээр хангалтгүй байгаа юм биш үү?

-Энэ татварын хувьд яг үнэндээ Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой учраас гэрээний дагуу чөлөөлсөн, хөнгөлсөн эсвэл Дубайн төлөвлөгөөгөөр чөлөөлсөн татвар байсан учраас татварын акт ногдуулахдаа ч эргэлзээтэй зүйл бий. Эцсийн дүндээ татвартай холбоотой заалтууд Дубайн төлөвлөгөөтэй холбогдож байгаа юм. Гэхдээ бид 150 сая ам.долларын татварыг төлүүлэх сонирхолтой байгаа учраас арбитрын шүүхэд хандана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.