ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨРТ
Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн бүх улс орон нэгдэн озоны давхаргыг хамгаалахын тулд Монреалийн протокол болон Венийн конвенцид нэгдэн хамтран ажилласаар байна. Дэлхийн улсууд болон манай улс озоны давхаргыг хамгаалах үйлсэд ямар амжилт олж байгаа талаар БОАЖЯ-ны Озоны Үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
ОЗОНЫ ДАВХАРГА ГЭЖ ЮУ ВЭ?
- Озоны давхарга нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан B туяаны хортой хөнөөлөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл юм. Озоны давхаргын молекулууд нь дэлхийн гадаргаас 20-40 км-т давхраат мандалд оршдог.
Дэлхийн озоны давхаргыг хамгаалж чадсан олон улсын гэрээ болох Монреалийн протокол нь дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй хүлэмжийн хийнүүд буюу озон задалдаг бодисуудыг үе шаттай бууруулснаараа эх Дэлхийн дулаарлыг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өөрөөр хэлбэл энэхүү Монреалийн протоколоор ОЗБ-уудын үйлдвэрлэл, хэрэглээг хянаж, бууруулаагүй бол озоны давхаргын цоорхой улам тэлэх байсан юм. Мөн цэнхэр нүдэн гариг маань өнөөдрийнхөөс хурдацтай дулаарч, дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх аюултай байлаа.
Энэ удаагийн озоны давхаргыг хамгаалах өдрийг “Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” (Keep cool and carry on) уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө аэрозоль, хөргөлтийн систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтэрч байгааг эрдэмтэд тогтоосон. Үүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг хэлэлцэж баталсан билээ. Протоколын хүрээнд улс орнууд дэлхийн дулааралд гол хувь нэмэр оруулж байсан хүлэмжийн хийнүүд болох дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг огцом бууруулж, зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой эргэн нөхөгдөж байгаа судалгаа бий. Жишээлбэл, энэ зууны дунд үед озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа. Мөн 2030 он гэхэд жилд дунджаар 2 сая хүртэлх тооны хүн амыг арьсны хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа. Одоогоор дэлхийн хамгийн амжилттай хэрэгжиж буй олон улсын конвенцоор нэрлэгдэх болоод байна.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилийн дотор озоны давхаргыг гэмтээдэг бодисыг гидрохлорфторт нүүрстөрөгч хэмээх бодисоор сольсон ч энэ нь дэлхийн дулааралд ихээхэн нөлөөтэй хүлэмжийн хийг ихээр агуулдаг юм байна. Тиймээс энэ бодисыг дараагийн хорин жилд өөр бодисоор солих зорилго тавин улс орон бүр ажиллаж байна.
ОЗОНЫ ЦООРЛЫН ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ?
Озоны давхаргын цоорлын үндсэн шалтгаан нь хүний гараар бүтээгдсэн химийн элементүүд буюу озон задалдаг бодисууд юм. Озон задалдаг бодис гэдэг нь озоны молекултай урвалд орох чадвартай хлор эсвэл бром агуулсан HCFC химийн нэгдлүүдийг хэлнэ.
Монреалийн протокол нь озон задалдаг бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үргэлжлүүлэн зохицуулахаас гадна 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болох Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд илүү их хувь нэмэр оруулна. Уг нэмэлт өөрчлөлт хэрэгжсэнээр озоны давхаргаа хамгаалахын зэрэгцээ энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.5°C хүртэлх хэмээр бууруулна гэж тооцоолж байна.
Монреалийн протоколд Кигалийн нэмэлт өөрчлөлтийг оруулснаар озон задалдаг бодисыг орлуулах зориулалтаар өргөн хэрэглэж буй гидрофторт нүүрстөрөгч (ГФН)ийн төрлийн бодисуудыг бууруулах боломжийг уг протоколын зорилт болгож өгсөн. ГФН төрлийн бодисууд нь мөн уур амьсгалыг өөрчилж, Дэлхийг дулааруулах чадвар ихтэй хүлэмжийн хийнүүд юм. Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан улс орнууд дараагийн 30 жилд ГФН төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээгээ 80 гаруй хувь бууруулж, тэдгээрийн оронд байгаль орчинд ээлтэй орлуулах бодис хэрэглэх үүрэг хүлээж байна.
HCFC ТӨРЛИЙН БОДИСЫГ ХААНА ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
- HCFC бодис бүхий үлээлгэн хөөсрүүлэгч (blowing agent) –ийг сэндвич хавтанд ашигладаг шахмал полиуретан /PUR/, дулааны хоолой болон дулаан тусгаарлах, шахмал шүршдэг полиуретан /PUR/ хөөсөнцөр болон XPS- шахмал полистрол хавтан үйлдвэрлэхэд голчлон ашиглана.
Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулж болно. Ердөө л озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, эйр кондишн, хөргөх лангуу зэрэг хөргөх тоног төхөөрөмж худалдан авахгүй байхад болох юм.
Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орж озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал, жил бүр олон улсын конвенцоор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу бусад улс орноос импортлох бодисын тоо хэмжээ квотыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрт хил, гаалийн байгуулага, ажилтнууд хяналт тавьж байгаа. Ингэснээр Монгол Улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисын хэрэглээ импортыг бүрмөсөн зогсоож олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах юм.
Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид сүүлийн үеийн озон-уур амьсгалд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, урамшуулах журам батлагдсан.
ЯАГААД HCFC ТӨРЛИЙН БОДИСУУДЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Гидрохлортфторт нүүрстөрөгч нь озон задлах бодис тул олон улсын хэмжээнд Монреалийн протоколыг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэл болон хэрэглээг үе шаттайгаар бууруулахаар шийдвэрлэсэн. Гидрохлортфторт нүүртөрөгч нь дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалж буй озоны давхаргыг цоолж мөн уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог хүлэмжийн хийн нэг төрөл болдог.
Өнөөгийн байдлаар Монгол улсын зах зээлд хөргөлт, агааржуулалтын зориулалтаар хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд, иргэн, худалдааны байгууллагууд хэд хэдэн төрлийн хөргөх бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортолж байна. Озоны үндэсний алба, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран боловсруулсан “Гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн хөргөх бодисын үндэсний тооллого болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай орлуулах бодисыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох судалгаа”-ны ажлын тайлангаас үзвэл 2013, 2015 онд Монгол улсад импортоор орж ирсэн нийт хөргөх бодисын 54 хувь, хөргөх бодис агуулсан тоног төхөөрөмжийн 74 хувийг хөрш БНХАУ-аас импортолсон байна. БНХАУ нь Монреалийн протоколын Тал улс орны хувьд тус улсын хөргөлт, агааржуулалтын салбарт HCFC-22 хөргөх бодисын үйлдвэрлэлийг эрчимтэй бууруулан түүнийг орлуулах бодисоор R290 бодисыг сонгож үйлдвэрлэлийн шугамын хувиргалт зэргийг эрчимжүүлж байна. Цаашид тус улсын хөргөлт, агааржуулалтын салбарт 2030 он гэхэд нийт үйлдвэрлэлийн 80 хувийг R290 хөргөх бодистой тоног төхөөрөмж эзэлнэ гэсэн зах зээлийн чиг хандлагатай байна.
ОЗОН ЗАДАЛДАГ ЗАРИМ БОДИС БА ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
Озон задалдаг бодис(ОЗБ) буюу хлортфторт нүүрстөрөгч(CFC) бодисыг хөргөгч, агааржуулагч, машины агаар сэлгүүр, XPS– шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн үлээлгэн хөөсрүүлэгч, шүршигч үнэртэн, цахилгаан барааны цэвэрлэгээнд уусгагчаар хэрэглэх зэрэг олон салбарт ашигладаг.
Гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC) бодисыг сүүлийн үед хлортфторт нүүрстөрөгч (CFC) шиг түгээмэл хэрэглэх болов. Озон задлах чадвар багатай ч HCFC бодис нь дэлхийн дулаарлын шалтгаан болох хүлэмжийн хийн нэг төрөл.
Мөн цаашилбал хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, техник технологид хэрэглэдэг озон задалдаг бодисыг бууруулснаар түүнийг орлуулах дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ/GWP) багатай хөргөх бодисын хэрэглээ нэмэгдэж байна. Эдгээр бодисын олонх нь шатамхай, хортой буюу эсвэл өндөр даралтад ажилладаг. Урьд нь хэрэглэгддэг байсан 2010 оноос дэлхий нийтээр хориглосон хлортфторт нүүрстөрөгчид (ХФН/CFC) болон одоо дэлхий нийтээр хэрэглээнээс хумигдаж буй гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисоос дээрх хөргөх бодисууд ялгаатай учир техникийн ажилтануудад төдийлөн танил биш юм. Ийм төрлийн хөргөх бодистой хөргөлт, агааржуулалтын төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, задаргааг хийхдээ аюулгүй ажиллагааны үүднээс анхааралтай хандах шаардлагатай байгаа. Тиймээс ДДНЧ/GWP багатай хөргөх бодистой харьцан ажилладаг техникийн ажилтнуудыг сургах, тэднийг сургах сургагч багшийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж байна.
Үүнтэй уялдуулан зохион байгуулах сургагч багшийг бэлтгэх сургалт нь хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, техник технологид хэрэглэдэг R32, R290 зэрэг орлуулах хөргөх бодисыг аюулгүй ашиглах арга ажиллагааг нэгдсэн байдлаар, зөв зохистой, аюулгүй гүйцэтгэж сургах хэрэгтэй байгаа.
Иргэддээ нэг зүйл анхааруулж хэлмээр байна. HCFC-22 буюу R-22 агуулсан хөргөлт, агааржуулалтын техник, тоног төхөөрөмж нь дэлхий нийтээр хоцрогдож үе шаттайгаар хэрэглээнээс гарч байгаа. Гэтэл компаниуд импортлон зах зээлд нийлүүлсээр байна. Тэдгээр нь HCFC-22 хөргөх бодис агуулж байгаа нь цаашид та бүхний ашиглалтын зардал нэмэгдэх, засвар үйлчилгээ авах, ашиглах боломжгүй болох тул худалдан авах, гэрээ байгуулахаасаа өмнө ямар хөргөх бодистойг нь заавал асууж байгаарай. Лавлахгүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд Та эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй юм.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.