УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

2018-09-12 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр /2018.09.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.