Цустай бананаар ДОХ дамжих уу. Бананаар дамжуулан монголчуудад ДОХ тарааж байна хэмээн өнгөрсөн жил хэсэгтээ л шуугиад амжив. Гэвч ийм байх магадлал тун ховор гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Учир нь ДОХ-ын вирустай цус тасалгааны болон бусад температурт амьдрах чадвар маш сул. Тасалгааны орчинд царцлаа гэхэд дээд тал нь 10-20 минут амьдраад үхчихдэг вирус юм. Өөрөөр хэлбэл, бананд ДОХ-ын цус шахаад тэр дор нь идээгүй л бол халдварлах боломжгүй гэсэн үг.
ДОХ-ын вирус зөвхөн хүний цусанд л хамгийн тэсвэртэй амьдардаг вирус. Товчхондоо ХДХВ нь хүний биеэс гадаад орчинд маш тэсвэргүй учраас зөвхөн хамгаалалтгүй бэлгийн хавьтал (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед) халдвартай үрийн шингэн, үтрээний шүүрлээр халдвартай цус, биологийн шингэнээр бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр болон халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр мөн эхээс хүүхдэд жирэмсэн төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана.
Гэхдээ бананаас ДОХ халдахгүй гээд тайвширч болохгүй. Дэлхийн нийтийг цочролд оруулаад байгаа ДОХ-ыг эрдэмтэд хамгийн их судалсан ч одоогоор бүрэн эмчлэх аргыг олоогүй. Гагцхүү эмийн эмчилгээгээр амьдрах хугацааг уртасгах аргыг нээсэн юм.
Монгол Улс хэд хэдэн шалтгаанаар ХДХВ-ын халдварт өртөх эрсдэл өндөртэй оронд тооцогддог. Шалтгаан нь хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орох зэрэг эрсдэлт зан үйл зарим залуучуудын болон нийт хүн амын дунд ихэсч байгаа. Мөн бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр. Хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэхчлэн нэрлэж болно.
Дэлхий нийтэд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнгөрсөн оны байдлаар нийт 35 сая хүн ДОХ-ын улмаас амиа алдсан. Харин Монгол Улсад 255 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт тохиолдлын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд үүний 26 хувь нь биеэ үнэлэгчид. ДОХ-ын халдвар авахгүй байх нь хувь хүнээс шалтгаална.
Халуурах, суулгах, хөнгөн хэлбэрийн ханиад зэргээр ДОХ-ын анхны шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хүмүүс халдвар авсанаа төдийлөн мэддэггүй. Тиймдээ ч халдварыг эрт илрүүлэх шинжилгээ хангалтгүй байгаагаас Монголд өвлөл нэмэгдсээр байгаа талаар эмч нар хэлдэг.
Халдвартай гэж бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн байх эрсдэлтэйтэй байдаг аж. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулж, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.