МАХН-ын “гол тоглогчид” хоорондоо муудалцаж, нэгнийгээ хилийн дээс алхаж домч бараадахад хүргэжээ. Ямартай ч хэрүүлийн эхлэлийг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн гэдгийг маргааны эзэд хэвлэлийн бага хурал хийн байж тодруулж байх юм. Харин энэ талаар намын дарга таг чиг. Түүний бараа ч эдгээр өдрүүдэд харагдахгүй байна.
Болсон явдлыг эргэн тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, тус намын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Шүүх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрсөн гэнэ. Тиймээс л шуугиан дэгдэж, гар зөрүүлэх дээрээ тулсан аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар “Манай намын Н.Уламбаяр ямар ч буруугүй. Харин ч О.Баасанхүү өөрөө салаавч гаргаад, шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” хэмээн мэдэгдлээ.
Харин МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж О.Баасанхүү гишүүн ямар ч буруугүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн” гэв.
Юутай ч маргааш тус намын ганц парламентын түшээ О.Баасанхүү Өмнөд Солонгосыг зорьж, бие хаагаа үзүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг зайлшгүй гадаадад үзүүлэх шаардлагатай гэжээ. Тэгэхээр зүгээр нэг ам мурийж, гар зөрүүлсөн хэрэг биш болж таарах нь. Зайлшгүй гадагшаа явж, үзүүлж харуулах дээрээ тулсан гэхээр тэрбээр нэлээд хүнд бэртэв үү.
Эцэст нь хэлэхэд, Хувьсгалт нам гэх энэхүү бүлэг хүмүүсийн гол учгийг атгаж явдаг кадрууд нь элэг бүлдээ шөргөөлдөн ийнхүү нэгнийгээ харьд эмчилгээнд одуулах нөхцөл байдалтай болсон нь тус намын лидерүүдийн ёс зүйг харуулж байна. Түүнчлэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдээд буй Н.Уламбаяр нь өнгөрсөн оны аравдугаар сард намынхаа бас нэг гишүүнийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдож байсан. Харин өдгөө намын ганц түшээгээ харьд одуулах нь ээ, хөөрхий…
О.Гэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.