Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “2015 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаас гаргасан дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр” нь дэлхийн дулаарлыг 2°C-аас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хангахад чиглэсэн, Конвенцийн бүх талуудад хамаарах хууль эрх зүйн зохицуулалт бүхий чухал баримт бичиг болсоныг та бүгд мэдэж байгаа. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд дэлхийн бусад 190 улс орны хамт өөрийн улсын Үндэсний зорилтот хувь нэмэр хэмээх бичиг баримтыг боловсруулж Конвенцийн талуудын бага хуралд өргөн барьсан. Үндэсний зорилтот хувь нэмэр хэмээх бичиг баримтанд тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогыг хөхүүлэн дэмжих зарчмыг бид баримтлан ажиллаж байна.
Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод “2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх” зорилтуудыг дэвшүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ, цаашид олон улсын уур амьсгалын санхүүжилтэнд хандаж санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх вэ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр талуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, чадавхи бэхжүүлэхэд бид юуг анхаарах вэ зэрэг асуултуудад оролцогчдын анхаарлыг хандуулж хэлэлцүүлэг өрнүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршиж байна гэж би ойлгож байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийн мөрөөр БОАЖЯ зохих арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн юм.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа юм.
2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 50 МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтанд орж Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортойгоор нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын их хурлаар батлагдсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн “Сэргээгдэх эрчим хүч ба Уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал тул төр засгийн болон шинжилгээ, судалгаа, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан эрчим хүчний хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, туршлага, мэдлэгээсээ хуваалцах, хамтын ажиллагааны арга хэлбэр, олон улсын уур амьсгалын санхүүжилтийн механизмуудыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцуулан санал солилцох болно.
Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.