Үндэсний бодлогын хороонд 90 хүн сонгоно

2018-03-22 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын дотоод сонгууль ид өрнөж байна. Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн сонгуульд 120 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин тэднээс 90 хүн сонгоно. Дотоод сонгуулийн санал хураалт эхлээгүй, эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна. 

Ямартай ч тус сонгуулиар намдаа сэлгээ хийх зорилгоор ротаци хийж буй нь энэ. Хамгийн гол нь ирэх парламентын сонгуульд бэлтгэж, баг бүрдүүлж буй нь энэ юм.  Энэхүү бүрэлдэхүүнээрээ дараагийн сунгаанд өрсөлдөх нь тодорхой. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ хувь хүнийхээ үзэмжээр ч тэр үү нэлээд хэдэн хүнийг намын үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвх сул хэмээн намаасаа “хөөж” амжив. Хэдийгээр тэд дахин нэр дэвшиж, Үндэсний бодлогын хороонд нэр дэвших эрхтэй гэх боловч энэ удаад АН-ын лидерүүд нь явлаа гэсэн яриа улс төрийн хүрээнд бий болов.

Хамгийн сүүлд гэхэд л нэгэн үе тус намын түшиг тулгуур, лидер гэгддэг байсан УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогтыг намаасаа албан ёсоор хөөснөө зарласан. Харин энэхүү гэнэтийн шийдвэрийн өмнөхөн ротаци нэрээр Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарт ирэх сонгуульд нэр дэвших боломж олгосонгүй. АН-ын дүрмээр бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй бол УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэсэн заалттай. Тиймээс Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр, С.Батчимэг, С.Баярцогт, Баабар нар ирэх 2020 оны парламентын сонгуульд оролцох боломжгүй болох нь. С.Эрдэнэ даргадаа “хөөгдсөн” гишүүдээс Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. УИХ-ын гишүүн асан А.Бакей дотоод сонгуульд оролцохоор  бүртгүүлсэн ч нэрээ татсан байна. Харин Үндэсний бодлогын хорооноос хасагдсан УИХ-ын гишүүн асан Б.Болорын хувьд энэ удаад Архангай аймгийн чөлөөт суудалд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр даагаа нэхэх гэнэ. Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын гишүүн байсан бөгөөд хасагдсан. Тэгвэл энэ удаад тэрээр чөлөөт суудалд дахин өрсөлдөөх нэрээ бүртгүүлжээ.

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр нэр өгсөн гишүүдийн нэрсийг танилцуулж байна.

Ш.ЧИМЭГ 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.