Тахь уу? Түүхийн хуудсыг өөрчлөн засахаа түр азнавал яасан юм бэ

2018-03-21 Амьтан

Баасан гарагт (3 cарын 5 )болсон өвлийн Олимпийн хоккейн тэмцээнд манай хоккейчид оросын багтай тоглоод ялна гэдэгт түрүүлээд итгэчихсэн зарим хэвлэлийнхэн “Түүхийн хуудсыг өөрчлөхүй…” хэмээн сүржин эхлэлтэй нийтлэл урьдчилаад бэлтгэсэн байсныгаа ялагдлын дараа цаг үеийн өөр мэдээнд тавьсан бололтой хэмээн хардлага төрөхөд хүргэсэн юм. Нэр усыг нь дурьдаад яахав, нэг сониныхон түүхийг бүхэлд нь засахаар оролдож, нөгөө нэг нь зурагтын суваг эволюцийн онолыг өөрчилж, үлдсэн хэсэг нь адууны түүхийг засан залруулахаар уухайлж эхэллээ. Хамгийн гол нь энэ бүх мэдээний цаад санаа нь юу агуулж байна гэхээр “Science” сэтгүүлд хэвлэгдсэн хэсэг эрдэмтдийн судалгаагаар тахийг сүүлчийн зэрлэг адуу биш, “дөнгөж” 5 500 жилийн өмнө өнөөгийн Казахстаны нутаг дэвсгэр дээр амьдарч байсан Ботайчуудын гаршуулсан адууны зэрлэгшсэн удам болохыг тогтоосон судалгааны өгүүлэл байлаа.

Хэвлэл мэдээллийнхэнд хатуурхаад яахав, энд дурьдсан эрдэм шинжилгээний өгүүллийг ингэж сурталчилснаар, мөн дээрээс нь сэтгүүлчдэд мэдээллийн эх сурвалж болж байгаа энэхүү хялбарчилсан өгүүлэл нь “шар хэвлэлийнхэнд” сенсаци хийх аятайхан боломж буюу аманд орсон шар тос болсон гэлтэй. Энд дурдагдаж байгаа шиг том нээлт нь тэр бүр эрдэмтдийн шүүмж, хэлэлцүүлэг, шинээр тогтоогдсон зүйлүүдтэй харьцуулах “шүүлтүүрээр” ордоггүй тул иймэрхүү тохиолдолд эх сурвалжийг нь унших, түүнд тодорхой хэмжээгээр болгоомжтой хандах нь нэн чухал бөлгөө.

Ингээд удалгүй “Science” сэтгүүлийн өгүүллийг уншсан цөөнгүй тооны эрдэмтэн мэргэдийн дунд мэтгэлцээн эхэллээ дээ. Тийм ээ, уг судалгаагаар ДНХ-ийн шинжилгээний үндсэн дээр одоогийн гэрийн адуу, мустанг, зэрлэгшсэн адууны бусад төрөл зүйлийг Ботайчуудын гаршуулсан адууны удам хэмээн өнөөдрийг хүртэл итгэж явсан нь буруу болохыг нотолсон үр дүн нь маргахын аргагүй гайхалтай болсон хэмээн тэдний зарим нь хариулав. Харин Ботайн адуу нь бусад адуунаас илүүтэй тахинд ойр байгаа нь гайхмаар.
Гэхдээ хэвлэлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад тахь нь үнэхээр Ботайчуудын гаршуулсан адууны зэрлэгшсэн удам хэмээн нотлох нь бас л учир дутагдалтай. Ингээд авч үзэх юм бол 5 500 жилийн тэртээ зэрлэг байгальд амьдарч байсан тахь өөрөөр хэлбэл тахийн өвгөөс Ботайчуудын гаршуулсан адууны өвөг гаралтай байж болох гэсэн хариу таамаг ч дэвшүүлж болох.
Мэдээжээр энэ талаар хийсэн дэлгэрэнгүй судалгаа, нотолгоо эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд гарах байх л даа. Гэхдээ дээр дурдсан товч тайлбараас харж байхад тахийн “дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу” хэмээх нэрийг хасах гэж юунд тэгтлээ яарна вэ.

Ямартай ч тахь нь Волга мөрнөөс зүүн зүгт орших тал нутагт амьдарч байсан зэрлэг адууны сүүлчийн төлөөлөгч мөн гэдгийг “Science” сэтгүүлд гарсан өгүүлэлд дахин нотлосон. Үлдсэн бусад төрлийн адуу нь тахинаас арай өөр, “европ” төрлөөс гаралтай гэнэ. Ингээд бодохоор тахь дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу ч бай, эсхүл таван мянга гаруй жил зэрлэгшин амьдарч байгаа адууны аль аль нь ч байлаа гэсэн тахь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өндөр ач холбогдолтой адуу гэдэгтэй маргахын аргагүй. Баасан гарагт Калифорнийн Их Сургуулийн профессор Бет Шапиро “Зэрлэг” гэдэг үгийг “зэрлэгшсэн” гэдгээр орлуулах нь тахийн эволюцийн хөгжлийн түүхийг илүү тодорхойлох магадлалтай утгын өөрчлөлт болох хэдий ч тахийн ач холбогдолд нөлөөлөх ёсгүй” хэмээн мэдэгдсэн байна. “Тахийг цаашдаа ч зэрлэг адуунд тооцон, харж хамгаалах нь бид бүхний хүлээсэн үүрэг юмаа.”
Өөр нэмж хэлэх зүйл алга даа. Түүхийн хуудсыг өөрчлөн засахаа түр азнавал яасан юм бэ. Магад бидний оролцоо хэрэггүй болох ч юм бил үү.

Мирослав Бобек – Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.