Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

2018-03-15 Засгийн газар

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо.

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160  000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.