Алтны компаниудын бодит байдалтай газар дээр нь очиж танилцана

2018-03-2 Байгаль орчин

УУХҮЯ-наас өнөөдөр “Алтны салбар” уулзалт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГ-ын удирдлагууд болон Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд мөн Монголбанк болон  алтны компанийн төлөөллөөс оролцож байна.

Уулзалтаар алтны салбарт тулгамдаад буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож, 019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөж байна. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг юм. Гэтэл 2017 онд Монголбанкинд 17.5 тонн алт тушаагдаж, улсын төсөвт 49 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь уул уурхайн салбараас оруулсан нийт орлогын дөнгөж, 3.1 хувийг эзэлж байгаа нь чамлалттай байна.

Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгүй ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, ААН-үүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна.

Салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил зэрэг тулгамдсан олон асуудал байгаа бөгөөд эдгээрийг үндэсний хэмжээнд авч үзэх, харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе шаардаж байна. Техник технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг болох томоохон зорилт бидний өмнө тулгарч байна” гэлээ.

“Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганболд “Өнөөдрийн байдлаар манай улсад 85 орчим компаний алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 20 тонн буюу 800 сая орчим долларын алтыг Монголбанкинд тушааж үүргээ биелүүлсэн байна. Мэдээж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйл их бий. Жишээ нь, орон нутагт нэр дэвшиж буй нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө энэ нутагт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулахгүй гээд тусгаад өгдөг. Улмаар ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч, иргэдийг буруу зүйлд турхирдаг. Энэ нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хүнд тусдаг. Мөн нэг компани эрэл хайгуул судалгаа хийгээд энд ийм нөөц байна гээд мэдэгдэхээр маргаашнаас нь янз бүрийн эвсэл, холбоо байгуулагдаад тус газрыг булааж авах ажиллагаа эхэлдэг. Тиймээс компаниудад чөлөөтэй ажиллах боломж хомс байдаг” гэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Яам, агентлагийн дарга нар хуваарийн дагуу орон нутагт очиж ажиллана. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудын бодит байдалтай нь газар дээр нь очиж танилцана. Тэгээд аль аль талдаа хариуцлагатай ажиллана. Төр засгаас дэмжвэл дэмжсэн шиг дэмжинэ. Хоёрын хооронд дэмжихгүй. Алт өнөөдөр Монгол Улсын эдийн засагт үнэхээр голлох нөлөөтэй байгаа. Энэ ААН-үүдийг босгож ирэх, бололцоо олгох хамгийн чухал салбар гэж харж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, орон нутагтайгаа яаж уялдаа холбоогоо хангаж ажиллах уу, бүсчилсэн байдлаар, аймаг орон нутагт ажлын хэсэг гаргаж, хүмүүсээ явуулж ажиллана. Одоо удахгүй алтны улирал эхлэх гэж байна. Тиймээс өөрөө шаардлагатай бол асуудалтай байгаа газруудад очиж ажиллахаар төлөвлөж байна. Би аль болох ААН-үүдээ дэмжиж, орон нутагтай нь ойлголцуулах, орон нутагт дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийг уул уурхайн салбарын дэмжигч нь байгаасай гэж хүсч ажиллахыг эрмэлзэж байна.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Урт нэртэй хуулийн маргаан олон жил болж байна. Урт нэртэй хуулийн араас дагаж мөрдөх журмын тухай хууль гээд зохицуулалтын хууль байгаа. Энэ хуулиар зохицуулагдсан олон зүйл байдаг юм билээ. Үүнийг цэгцлэхгүй бол будилаан хутгасан, тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг хийсэн юм байна. Будилаан ерөөсөө урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гарснаар эхэлсэн байдаг. Үүнийг цэгцлэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Урт нэртэй хууль уг нь байгаль орчноо хамгаалах сүрхий хууль. Гэвч нөгөө талдаа үнэхээр хамгаалж байна уу гэхээр хуулийн хийдлийг гаргадаг хүмүүсийн үйл ажиллагааны хэрэгсэл болоод байна. Маш олон өргөдөл гомдол яаманд ирсэн байгаа. ААН-үүдийг би ойлгож байна. Орон нутгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн хөгжилд юу хэрэгтэй, юу чухал талаар санал бодлыг нь сонсоно. Уул уурхайг хариуцлагатай болгох, нөхөн сэргээлт хийдэг, ААН-үүд нь татвараа төлчихдөг, үйл ажиллагаагаа цаашид зөв үргэлжлүүлдэг гарц шийдэл дээр бодлогоо гаргахаар ажиллаж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.