Монголын бэлчээрийн мал аж ахуйн баялаг түүх, малын тоо толгойн өсөлт, мөн дэлхийн томоохон зах зээлтэй газар зүйн хувьд ойрхон зэрэг нь Монголд малын махны экспортод чиглэсэн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх томоохон боломж байгааг илтгэдэг.
Өнөөгийн байдлаар мал аж ахуйн салбар 150,000 орчим малчин айл өрхүүдийн амьжиргааг залгуулж байна. Эдгээр өрхийн ихэнх нь нэн ядуу бүлэгт хамаарагдах бөгөөд өрийн дарамттай, ядуурлын онц нөлөөллүүдэд эмзэг байдаг. Монгол улс малын махны дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэгдсэнээр эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, ялангуяа хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах шинэ боломжуудыг нээх бололцоотой.
Хурдтай өсч буй улс орнуудад дундаж давхарга нэмэгдэн, хоол хүнсний хэрэглээний хандлагууд өөрчлөгдөж байгааг бөгөөд үүнийг дагаад дэлхий дахинд шинэ бүтээгдэхүүн, шинэ нийлүүлэгчдийг эрэлхийлж байна. Нэг талаараа зах зээл ийнхүү өргөжсөнөөр худалдааны шинэ боломжууд үүсч байгаа ч давхар хүнсний аюулгүй байдлын шинэ эрсдлийг бий болгон, дүрэм журмыг үр нөлөөтэй болгох, экспортлогчид өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.
Хятадын зах зээл дэх малын махны хэрэглээний өсөлт нь дэлхийн улс орнуудын махны зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч бол болж байна. Сүүлийн 30 жилд Хятадын нийт махны хэрэглээ дөрөв дахин өссөн. Хэдийгээр хэрэглэгчдийн ихэнх нь гахайн махыг сонгодог ч одоогийн байдлаар Хятад улс жил бүр 3 тэрбум ам.долларын өртөг бүхий үхэр, хонины махыг импортолдог (Зураг).
Хятадын махны эрэлтийг хангах энэ боломж нь тус зах зээл дээр өөрийн байр суурийг олж авах хүсэлтэй олон оронд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэд бүтэц, дүрэм журмаа шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх зэргээр хамтран ажиллах хөшүүргийг бий болгож байна.
Монгол Улсад Хятадын зах зээлд мах нийлүүлэх хүсэл эртнээс байсан боловч өдийг хүртэл маш бага хэмжээг экспортлоод байна. Гэсэн хэдий ч Монголын үйлдвэрлэгчид Хятадын махны эрэлтийг хангах зорилгоор экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадна гэсэн нийтлэг ойлголт байсаар байна. Монгол, Хятадын хооронд энэ чиглэлээр байгуулсан гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сараас эхлэн Монголын мах Хятадын зах зээлд гарах боломж нээгдэх хүлээлт өндөр байв.
Гэвч Монгол Улсын баруун бүсэд халдварт өвчин гарснаар Хятад улс хойд хөршөөсөө түүхий мах импортлохыг дахин хориглосон.
Монгол Улс өөрийнхөө бүтээгдэхүүнийг аюулгүй гэдгийг худалдааны түншүүддээ батлан харуулж чадахгүй байгаа нь сүүлийн арваад жил тус улстай тогтвортой бус, зайгаа барьсан худалдаа хийхэд хүргэсэн. Худалдан авагч, нийлүүлэгчийн хооронд урт хугацааны харилцаа төдийлөн хөгжөөгүй байгаагаас тэдгээрийн мэдлэг, ур чадвар, технологийн үр ашиг нь нэгдсэн үнэ цэнийн сүлжээнд ашиглагддаг шиг өндөр хэмжээнд биш байгаа юм.
Дэлхийн Банк Группээс саяхан хийсэн үнэ цэнийн сүлжээний дүн шинжилгээгээр Монголын үйлдвэрлэгчид малын эрүүл мэндийг сайжруулах болон бусад сорилтуудыг хэрхэн давж өндөр өрсөлдөөнт дэлхийн үнэ цэнийн сүлжээнд орж болох талаар судалгаа хийсэн. Уг судалгаагаар Ойрхи дорнод, Зүүн өмнөд Ази зэрэг Монголын үйлдвэрлэгчид экспортоо нэмэгдүүлж болох дэлхийн үнэ цэнийн сүлжээний өөр бусад зах зээлүүдийг мөн тодорхойлжээ.
“Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хөдөө аж ахуйн бизнесийн салбарын өрсөлдөх чадвар” сэдэвт судалгааны тайланд монгол малын махны нөөц бололцоог ашиглахын тулд ойрын 18 сарын хугацаанд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны жагсаалтыг гаргав. Үүнд УИХ-аас шинэ хуулиудыг батлах, хөшүүргийн бүтцийг шинэчлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий хамгийн өндөр үйлдвэрлэлийн сүлжээг дэмжих байдлаар хөтөлбөрийн хэрэгжилтийг эрэмбэлэх зэрэг арга хэмжээ багтаж буй юм.
Хятадын компаниуд Монголын мал аж ахуйн салбарыг өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээнд голлох нийлүүлэгч болгон хөгжүүлэх сонирхолтой байгаа нь олзуурхууштай. Зарим тохиолдолд Хятадын компаниуд Хятадад хориг тавьснаас үл хамааран Монголын үйлдвэрлэгч нартай холбогдож, Хятад руу мах экспортлох зөвшөөрөл авахад шаардлагатай стандартыг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр аль хэдийн хамтран ажиллаж эхэлсэн. Дэлхийн үнэ цэнийн сүлжээн дэх энэ төрлийн мэдлэг, ур чадвар, хөрөнгө оруулалтын урсгал нь Монголын малын махны салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дэлхийн үнэ цэнийн сүлжээнд зайлшгүй нэгдэх ёстойг илтгэж байгаа юм.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.