Шинэ он гарсаар гурван төрлийн татвар нэмэгдэж, иргэд бухимдалтай байна. Энэ асуудлаар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байр сууриа илэрхийлэв.
Тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Гарч буй 2018 он МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхийг шийдэх хамгийн хариуцлагатай жил. Тиймээс бид сар тутам эрх баригчидаас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах болно. Мөн өнгөрсөн онд есөн татвар нэмсэн. Одоо зургаан татвар нэмэгдэж байна. Татвар нэмсэн шийдвэрээ эргэн харахыг Ерөнхий сайдаас шаардах болно. Эдийн засаг үнэхээр л өсч байгаа юм бол татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Татвар нэмсэн шийдвэрээ цуцлах хуулийн төсөл оруулж ирэхийг Засгийн газраас шаардаж байна. Мөн бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэрийг эргэн сэргээхийг шаардаж байгаа” хэмээв.
Мөн бүлгийн гишүүд Төв банкны тухай, Банкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монголбанк бие даасан нэрийн дор арилжааны банкнуудын зах зээл рүү орох гэх мэт дэмжих боломжгүй заалт олон орж ирсэн. Мөнгөний бодлогыг УИХ жил бүр баталж өгдгийг болиулж гурван жилд нэг удаа батлуулдаг болгохоор төсөлдөө тусгасан. Төв банк хараат бус байна гэдэг нь УИХ-аас хол байна гэсэн үг гэж ойлгоод байх шиг байна. Үнэндээ тийм биш. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд л оролцохгүй байх ёстой” гэв.