“Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Семинарт БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, УУЯ,МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Энэхүү семинараас гарах үр дүн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд хийх, уурхайн хаалтын журмыг боловсруулах, хэрэгжүүлж эхлэх ажилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгахын төлөө эдийн засгийн тогтолцоог цогцлон бий болгоход чиглэж байна. Засгийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын асуудлыг хариуцсан үндсэн чиг үүргийн яам болгон үйл ажиллагаагаа өргөтгөж, хөгжлийн салбаруудад байгаль орчны бодлогыг тусгах чиглэл баримтлан ажиллаж байна.
Мөн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах эрхзүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож байгаль орчныг хамгаалах ажлын үр өгөөж, чанарыг эрс дээшлүүлэх, төр, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын ажлын зааг ялгаа, эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна”хэмээлээ.
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөг учруулах болсон.
Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 42556 га эвдэрсэн талбай орхигдон үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж байгууллага, 40 хувь нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байна. Үүнээс хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгдэж байгаагүй, мэдээллийн сан бүрэн ашиглагдахгүй, уурхайн хаалтын журам батлагдаагүй байгаагаас хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг Ашигт малтмалын хуульд заасны дагуу гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Иймд цаашид нөхөн сэргээлгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны чиглэлээрх стандартыг олон улсын төвшинд хүртэл сайжруулж боловсронгуй болгох, уурхайн хаалтын журмыг тухайн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлага байгааг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа илтгэлдээ онцоллоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг семинар хоёр өдөр үргэлжилнэ хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.