Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад хамгийн нягт хяналт, хамгаалалт дор үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тоонд сургуулийн өмнөх бүх түвшний боловсролын байгууллагууд хамаардаг аж. Хүүхэд бол дөнгөж хөрснөөс цухуйж байгаа нахиа юм. Энэ эмзэг нахиаг бороо шорооноос хамгаалж, услан тэтгэж байж бөх үндэстэй ургамал болж биежинэ. Тийм ч учраас наад зах нь хүүхдэд учирч болох эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалахын тулд цэцэрлэгийн ангиудыг камержуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр, эрүүл мэнд зэрэг суурь асуудлуудад онцгой анхаарал тавьдаг. Ингэж байж эх орныхоо ирээдүйг авч явах хүүхдүүдийг багаас нь зөв шударга, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг хүн болгож төлөвшүүлдэг. Судалгаагаар хувь хүн болж төлөвших үйл явцын 60-70 хувь нь 3-5 насанд явагддаг байна. Нэг үгээр хэлбэл, харахад л жижигхэн, эгдүүтэй “нөхөд” тоглохоос өөрийг мэдэхгүй гүйлдээд байгаа боловч энэ насанд бяцхан тархи, зүрхэнд нь ирээдүйд улс орныг хэн, хэрхэн удирдах ихэнх төлөвшил кодлогдож байна гэсэн үг. Гэтэл үүнийг ойлгож, анзаарч, анхаарч байгаа төрийн түшээд алга. Цэцэрлэгүүд нь ачааллаа дийлэхээ байсан. Үүнийг дагаад багш нарын хүүхэд бүртэй харьцаж, зөв төлөвшил, мэдлэг боловсролоор хүмүүжүүлэх арга ажиллагаа хумигдаж байх жишээтэй. Хэдэн хүүхдүүд нь олон хүүхэдтэй чихэлдэж болсон болоогүй дуу шүлэгхэн сурахаа аядаж байтал ханиад, элдэв халдварт өвчин тусчихана. Ингээд эмээр бөмбөгдүүлнэ. Бүр болоогүй, энэ бүхнийг тэвчээд цэцэрлэгт явуулья гэхэд улсын өмчийн бүх цэцэрлэг авлига нэхнэ. Энэ мэтээр багачуудаа зөв төлөвшүүлж, эрүүл чийрэг амьдруулахад эцэг, эхчүүд л анхаарахгүй бол төрийн “халамж”-д найдаад хэрэггүй болсон. Төрийн эрхмүүд Монгол Улсын 30, 40, түүнээс цааших олон зуун жилийн хөгжлийг өөрсдөө мөнх байж удирдан чиглүүлнэ гэж “итгэдэг” бололтой.
Сургуулийн өмнөх боловсролын салбарт гараад буй ноцтой асуудал бол өдөр өнжүүлэх төв болов. Уг нь өдөр өнжүүлэх төвийн ач холбогдол цэцэрлэгийн боловсролтой дүйх хэмжээний чухал ач холбогдолтой байдаг. Юуны өмнө дээрх төвүүдэд төлөвшлийнхөө гол суурийг олж авах насан дээрээ яваа хүүхдүүд хамрагдаж байна. Багачуудын хувьд бал, цаас нийлүүлж сурахаас эхлээд танин мэдүүлж оюун тархийг нь хөгжүүлэх асар их арга ажиллагаа хэрэгтэй. Сургуулийн насныхан хичээлийн хөтөлбөрөөс гадуур мэдлэг хуримтлуулах, шатар даам сурах зэргээр өөрийгөө хөгжүүлэх, бусад хэлбэрээр оюунаа цэнэглэх шаардлага бий. Гэтэл энэ хэрэгцээг өдөр өнжүүлэх төвүүд хангаж чадахгүй байна. Стандарт байхгүй. Үүнийг дагаад мэргэшсэн багшгүй. Хэн дуртай нь умгар өрөө тасалгаанд хивс дэвсээд хэдэн хүүхэд хашаад мөнгө хураагаад сууж байдаг. Хяналт тавьдаг газар ч алга. Үүнээс хамаарч хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх боломжууд алдагдаж байна.
Нөгөө нэг асуудал нь эрүүл мэнд юм. Хяналт байхгүй учир хоол тэжээл, өрөө тасалгааны ариун цэврийн байдал, сурах хэрэглэгдэхүүний стандарт алдагдсанаар хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байна. Учир нь урган төлжиж буй хүүхдийн бие цогцос маш эмзэг байдаг. Тухайлбал, хүүхдэд харшил үүсгэж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг мэдэхгүй хүмүүс тасалгаандаа олон цэцэг өрөөд өрөөнийхөө агаар сэлгэлт, чийгшил зэргийг хянадаггүй. Энэ байдлаас хамаарч зарим мэдрэмтгий хүүхдэд харшлын суурь бий болж байх жишээтэй. Засан хүмүүжүүлэх газар хүртэл нэг хүмүүжигчийн хоригдох талбайн хэмжээ, хоол ундны чанар гэх зэргээр олон зүйлд анхаарал хандуулж олон улсын стандартыг бүрэн хангахыг эрмэлзэж байна. Гэтэл сургуулийн өмнөх боловсролын байгууллага бол оюун сэтгэхүй, бие бялдарын хувьд хамгийн эмзэг багачуудыг хариуцаж, төлөвшүүлэх өндөр үүрэг хүлээж байгаа тул стандартын хэм хэмжээ, түүнийг сахин биелүүлэх явдал туйлын чухал байдаг.
Өдөр өнжүүлэх төв борооны дараах мөөг шиг олон байгаа нь тус төвийг байгуулахад дэндүү амархан байдагтай холбоотой. Мэдээж аливаа үйл ажиллагаа эрхлэхийн тулд зөвшөөрөл авах хэрэгтэй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Хөдөлмөрийн сайдын 2013 оны хамтарсан тушаалаар батлагдсан журманд сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, сургалтын байгууллагыг хэрхэн бүртгэх асуудлыг тусгасан байдаг. Уг журманд заасан бичиг баримтыг бүрдүүлж харьяа дүүргийнхээ боловсролын газар хандаж өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа явуулах эрх авах учиртай. Гэхдээ өнөөгийн нөхцөлд өдөр өнжүүлэх төв байгуулахын тулд энэ олон төвөгтэй шалгууруудыг давах шаардлагагүй байна. Учир нь зөвшөөрөл олгох эрхзүйн орчин, зөвшөөрөл өгөх байгууллага нь байгаа ч энэ бүхнийг нэгтгэн хариуцах хяналтын механизм алга байна. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өдөр өнжүүлэх төвүүдэд боловсрол олгох хөтөлбөр, стандарт талаас нь хяналт тавих үүрэгтэй баймаар санагдах ч “Манайд хамааралгүй. Хөдөлмөрийн яамнаас тодруул” хэмээж байна. Харин Хөдөлмөрийн яам мөн л “Манайд хамааралгүй, хуулиар хүлээсэн үүрэг байхгүй тул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас лавлаад үз” гэв. Харин тус яам нь “Бид энэ асуудлыг мэдэхгүй” хэмээн толгой сэгсэрч байна. Эцсийн найдвар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болж тодруулахад “Өдөр өнжүүлэх төвтэй холбоотой асуудлыг манайх хариуцдаггүй. Одоогийн байдлаар тус төвтэй холбоотой гомдол манайд ирээгүй байна. Ер нь энэ сарын сүүлээр нэгдсэн шалгалт хийх тов байгаа” гэсэн хариулт өглөө.
Хариуцах эзэн байхгүй учир байгууллага, хувь хүн бүр өөрсдийн үзэмжээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөр өнжүүлэх төвүүдийн сарын төлбөр дунджаар 200-300 мянган төгрөг байна. Орчин, үйлчилгээ нь сайжрахын хэрээр төлбөр өсөж сарын 500-800 мянган төгрөгийн төлбөртэй төвүүд ч байгаа юм. Төлбөр өндөр өдөр өнжүүлэх төвүүдийн хувьд үүнийгээ дагаад багш боловсон хүчин, сургалт, хоол, хүүхэд хүмүүжих орчинд бололцооныхоо хэрээр анхаарал хандуулж байна. Энэ нь сайн дүр зураг юм. Гэхдээ ихэнх гэр бүлийн хувьд сар бүр 500-600 мянган төгрөг төлөөд байх бололцоогүй тул аль болох хямд төлбөртэй өдөр өнжүүлэх төвүүдийг сонгож байна. Тийм ч учраас ихэвчлэн орон сууцны ганц, хоёр өрөөг тохижуулж байгуулсан өдөр өнжүүлэх төвүүд дийлэнх хувийг эзлэж байна. Хяналт байхгүй тул юу хүссэнээ хийнэ. Хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх, асрах мэргэжлийн дадал бүү хэл, ерөнхий боловсролын сургуулиа ч бүрэн дүүргээгүй нөхөд багш гээд сууж байгаа тул олон эцэг эх “Төлбөр нь хямд юм даа” хэмээн хүүхдээ босгоор нь давуулаад залбираад хоцорч байна. Наад зах нь камержилт алга. Уг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага заавал камержилттай байх ёстой. Энэ бол стандарт гэхээс илүү хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн хумсарт байх энгийн үйлдэл юм. Камержилтийг хүүхдийг дарамталж зодож байгааг хянахад заавал ашигладаг зүйл биш. Жишээ нь хүүхэд бүр дэггүй тул юм руу авчирч байгаад унаж тархи толгойгоо хөдөлгөдөг. Тэгвэл цэцэрлэг дээрээ унасан эсэхийг камер шүүгээд харуулчихаж болно. Ер нь стандарт, хяналт байхгүй болсноор хүмүүс юу дуртайгаа хийж эхэлдэг. Тухайлбал, орон сууцны зоорийн давхарт хичээл заахгүйгээр зөвхөн хүүхдийг харна, сарын 50.000 төгрөгийн төлбөртэй гэж болж байна. Эцэг, эх бүр үүнийг буруу гэдгийг мэдэж байгаа ч аргагүй байдлаас хамаарч хүссэн хүсээгүй хүүхдээ явуулах л болно. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч байсаар байна гэсэн үг. Харин стандарт бий болсноор үйлчлэгч талд үүнийг мөрд, үйлчлүүлэгч талд үүнийг мөрдүүлсэн газартай харьц гэсэн тодорхой шалгуур бий болгоод өгчихөнө. Энэ тохиолдолд хүүхдийн эрх хангагдана.
Эх сурвалж: Newsmedia.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.