Б.Чойжилсүрэн: ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх хэлэлцээр зогсоогүй байгаа

2017-09-15 Засгийн газар
Зураг

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-тэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Засгийн газар огцорсноор ОУВС-гийн хөтөлбөр зогсох магадлалтай байдалд орлоо гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгөөч?
-ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү, эс үргэлжлүүлэх үү гэдгийг ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирээд дараагийн Ерөнхий сайдтай уулзаж байж тодруулах байх.

-Одоогийн байдлаар хэр хэмжээний санхүүжилт энэ хөтөлбөрөөр орж ирээд байгаа вэ? Энэ онд багтаагаад орж ирэх өөр санхүүжилт байна уу?
-ОУВС-гийн санхүүжилт бол багц санхүүжилт. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк жишээлбэл 250 сая ам.доллар өгөхөөс эхний 100 сая ам.доллар ороод ирчихсэн. Дараагийн 100 сая ам.долларын хэлэлцээр одоо явж байна. Хэлэлцээрийг амжилттай явуулбал 10 дугаар сарын дундуур 100 сая ам.доллар, 12 дугаар сард 50 сая ам.доллар авна.  Дэлхийн банкны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад 100 сая ам.доллар авах урьдчилсан хэлэлцээр явж байсан. Энэ хэлэлцээр одоохондоо зогсоогүй байна.

-Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өссөн. Үүнтэй уялдан төсвийн орлого хэдэн төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна вэ?

-Төсвийн орлого төлөвлөгөөнөөс 300 сая ам.доллараар давж биелсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр даваад байна. Аравдугаар сарын 1 гэхэд 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Орлого давж биелсэн тул төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгө болон нэн тулгамдсан зардлуудад хуваарилна.

-Улсын төсөв ямаршуухан байна вэ?
-Төсвийн орлого төлөвлөснөөсөө 300 орчим тэрбум төгрөгөөр давж биелж байгаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 их наяд төгрөгөөр давж байна.

-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох боломж байна уу?
-Дөрөвдүгээр сарын 14-нд Төсвийн тодотгол батлахдаа 161 тэрбум 520 сая төгрөг баталсан. Үүнийг бүгдийг нь олгочихсон байгаа. Есдүгээр сарын мөнгийг олгохын тулд үлдсэн 110 тэрбум орчим төгрөгийг Төсөвт тодотгол оруулж байж олгохоор байгаа.

-Ирэх оны Төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө заавал энэ оны төсвийг засварлах шаардлага гарсан юм уу?
-2017 оны Төсвийн тодотгол, 2018 оны Төсвийг 10 дугаар сарын 1 гэхэд багтаан УИХ-д багтаан өргөн барихаар төлөвлөөд явж байна. Анх удаа Төсвийн орлого давсан учир 510 тэрбум төгрөгийг эхний ээлжинд  нэн тэргүүнд тулгамдаад байгаа Хүүхдийн мөнгө зэрэгт хуваарилахаар Төсвийн тодотгол хийж байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.