Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой уламжлалт эмчилгээний дараа хэрхэн гам барих талаар ярилцлаа.
-Гам гэж юу вэ, яагаад гам барих ёстой?
-Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцөл болох идээ унд, явдал мөр, улирал, адын шалтгаан, нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой. Ингэснээр эмчилгээ үр дүнтэй болно. гам бол эмчилгээний хамгийн чухал хэсэг. “Уламжлалт эмчилгээний үед усанд орж болохгүй”, “гам барих хэцүү” гэдэг өрөөсгөл ойлголтоосоо болоод уламжлалт эмчилгээнээс татгалздаг хүмүүс байдаг. Уламжлалт эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу идээ унд, явдал мөрөө анхаарвал ямар ч эрсдэл, хүндрэл гарахгүй, үр дүн сайтай. Эмч усанд орж болно гэвэл орж болно, болохгүй гэвэл тэр хугацаанд орохгүй л байх хэрэгтэй. хэрэв шар үсний сүв нээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд усанд орохоор болвол дулаан орчинд халуун бүлээн усанд орчихоод, биеэ сайтар арчиж хатаагаад, биеийн тос түрхээд, салхи цохиулалгүй ханцуйтай цамц, урт шуумагтай өмд өмсөх нь зүйтэй.
-Гамыг ямар хугацаагаар, яаж барих вэ?
-Эмчилгээ хийгдэж байх тэр хугацааны туршид гамаа барих шаардлагатай. Мөн шар үсний сүв нээх дэвтээлэг эмчилгээ, туулга, бөөлжүүлэг, зөөлөн шимт, хануур, төөнүүр гээд ямар төрлийн эм, засал хийгдсэн байна гэдгээс шалтгаалаад гам барих хугацаа янз бүр байна. Энэ мөн өвчний хүнд хөнгөн байдал, өвчтөний нас, биеийн онцлогоос шалтгаална.
-Шар үсний сүв ямар тохиолдолд нээгдэх вэ?
-Халуун бариа, толгойн утлага эмчилгээ, дэвтээлэг эмчилгээ, төөнүүр зэрэг халуун, бүлээн чанарын эмчилгээний үед шар үсний сүв нээгдэж, хөлөрдөг. Энэ үед гадны хүйтэн агаарыг шууд бие рүүгээ нэвтрүүлвэл дахин шинэ өвчин үүсгэнэ. Үүнийг жин цохих гэж ярьдаг шүү дээ. нуруу хөлстэй байхад нүцгэн явчихсан чинь нуруу татчихлаа, хөлөө гаргаад явчихсан чинь өвдөг янгинаад байна гэх зэргээр ярьдаг. Мөн эрүүл хүмүүс ч идэвхитэй дасгал, хөдөлгөөн хийхэд шар үсний сүв нээгдэж хөлөрдөг. Энэ үед ч мөн адил жин цохиулахаас сайтар сэргийлж хөлсөө сайтар арчиж, хуурай хувцас өмсөх нь зүйтэй. хөлстэй үед шууд гадагшаа гарч, хүйтэн усанд орж болохгүй.
-Эмчилгээ тус бүр дээр барих гам нь өөр өөр байдаг гэлээ. Энэ талаар тодорхой хэлж өгөхгүй юу?
-Тухайлбал, төөнүүр эмчилгээ нь халуун эмчилгээ учраас төөнүүр хийлгэсний дараа хүйтэн ус ууж, салхинд гарч болохгүй. Толгойн зулай, дагз, чамархайн хийн бэлчирүүдийг хамгаалж боох, чихээ бөглөх, мөн хөлөрдөг учраас салхи цохиулахаас сэргийлнэ. хүйтэн усанд юм угаах, хөлдүү мах удаан барьж хэрчихээс аль болох татгалзаарай. халуун бүлээн чанартай тосон барианы үед хий, цусны гүйдлүүд сайжирдаг учраас мөн хөлрөх, биеийн илч сайжрах нөлөөтэй. Энэ үед хүйтэн усанд орж болохгүй. хануур эмчилгээний үед судасны ханыг нээдэг, жижиг хэмжээний мэс ажилбар учраас мэдээж бохир оруулж болохгүй, цус ялгаж байгаад цэвэршүүлдэг эмчилгээ учраас архи, өөх тос, халуун ногоо, даршилсан ногоо зэрэг халуун, исгэлэн идээ унд хэрэглэж болохгүй. Туулга эмчилгээний дараа хүний биеийн нарийн, бүдүүн гэдэс бүрэн угаагдаж, цэвэрлэгдсэн байдаг учраас эмчийн зааврын дагуу өтгөн, шингэн нь таарсан зутан өгч, аажмаар энгийн хоолонд оруулна. харин туулга эмчилгээний дараа шууд бүхэл хоол унд хэрэглэвэл түгжрэл үүсэх өндөр эрсдэлтэй гэх мэтчилэн эм, заслын бүхий л эмчилгээ болон эмчилгээний гам нь онолын дагуу хийгдсэнээр өвчнийг үндсээр нь арилган эдгээх боломжтой.
-Уламжлалт эм тан ууж байхад ямар гам барих вэ?
-Эмийн эмчилгээний үед ч гам барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эм шингэж, өөрийн эрдэм чадлаа бие махбодод үзүүлж чадахгүй. хүмүүс эм ууж байхдаа гам барьдаггүй, тэгээд дараа нь эм нөлөөлсөнгүй гэж хэлдэг. Эм заавал үр дүнгээ өгдөг. Тухайн хүний бие эмийг шингээж чадаж байна уу гэдэг гол асуудал. Эм ууж байхдаа ходоодны галын илчээ хэвийн хэмжээнд барих ёстой. Архи дарс, халуун ногоотой хоол зэрэг хэт халуун чанарын хоол хүнс хэрэглэвэл эмийн шимийг авахаасаа өмнө шатаагаад хаячихдаг. Бүр эсрэгээрээ жимс, тараг гэх мэт хүйтэн чанарын хоол хүнс түлхүү хэрэглэвэл галын илч буурдаг. Тэгсэнээр эм хүний биед нөлөөлж чадахгүй байсаар цөв болоод л гадагшилна. Эмийг биедээ шингээхийн тулд галын илчийг хэвийн хэмжээнд нь байлгаж, хоол ундаа зөв зохистой хэрэглэх шаардлагатай.
-Эмчилгээний дараа гам алдвал ямар сөрөх үр дагавар илрэх вэ?
-Өмнө нь илэрч байсан өвчний шинж тэмдэг дахин илрэх, мөн нэмэлтээр өөр өвчин үүсч, хүндрэх эрсдэлтэй. гам алдсанаар зарим хүмүүс эмчилгээ үр дүнгээ өгсөнгүй гэж боддог. Ер нь уламжлалт анагаахын эмчилгээ бүр урьдал эмчилгээ, үндсэн эмчилгээ, сүүлийг таслах эмчилгээ гэсэн гурван үе шаттайгаар явагддаг. Учир нь уламжлалт эмчилгээний гол зарчим бол өвчний шинж тэмдгийг дарахаас гадна үндсэн эмчилгээ нь өвчнийг үндэс суурийг нь бүрэн илааршуулахад чиглэдэг. Даралт нь ихэссэн тохиолдолд өдөр бүр химийн гаралтай даралтны эмийг олон жилийн туршид уудаг хүмүүс их байна. Энэ үед даралт нь буурна, харин даралт ихсэх шалтгаан болсон цаад өвчин нь эмчлэгдэхгүй. Дээрээс нь өдөр бүр химийн бодис хэрэглэснээр элэг, ходоод, бөөр зэрэг эрхтэнийг нь өвчлүүлдэг. Хүмүүс энэ мэт өвчнөө эмчлэе гэхгүй, шинж тэмдэгийг нь л дараад яваад байдаг.
-Гам барих талаар өвчтөнүүдийн ойлголт хэр байна?
-Уламжлалт аргаар эмчлүүлж байсан хүмүүсийн ойлголт сайжирч байна. харин энэ талаар мэдлэггүй хүмүүстээ манай эмнэлгийн эмч нар маш сайн зөвлөдөг. Аливаа эмчилгээг хийхээсээ өмнө тухайн эмчилгээ ямар үр дүнтэй болох, яаж гам барих, гам барьж чадаагүй тохиолдолд ямар сөрөг үр дагавар гарч болох талаар мэдээлэл өгч байж эмчилгээгээ эхэлдэг. Эмчийн заавраар гам баривал ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №07 (36)