Хэрэглэгчийн итгэлийн индекс 78 хувьтай болж, үл ялиг нэмэгджээ

2017-09-8 Эдийн засаг

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэгээс хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар тодрууллаа. Эдийн засгийн төлөв байдлын индикатор бол хэрэглэгчийн итгэлийн индекс юм. Иргэд, бизнес эрхлэгчид эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж, түүнд зохицуулж ажил амьдралаа төлөвлөхөөс хамаарч ирээдүйд бий болох нөхцөл байдлыг тодорхойлдог. 


-Хэрэглэгчийн итгэлийн индекс хамгийн сүүлийн судалгаагаар хэрхэн гарсан бэ? Эдийн засаг сайжирна, хямралыг даван туулна гэсэн итгэл хэрэглэгчдийн дунд ямар байна вэ?

Ерөнхийдөө манай уг судалгааг 2014 оноос улирлаар хийж эхэлсэн байгаа. Тус оноос улирлын индекс буурах хандлагатай явж ирсэн. Хямралын үед буюу 2009 онд хэрэглэгчийн итгэлийн индекс хамгийн бага байсан. Харин буцаад эдийн засгийн төлөв байдал сайжирах үед индексийн утга нь нэмэгдэх болсон. 2013 онд 100 руу орж ирсэн байгаа. Ерөнхийдөө хэрэглэгчийн итгэлийн индекс 100 байвал хэвийн гэж үзнэ. 100-аас өндөр утга авч байвал эдийн засгийг өөдрөг харж байна гэсэн үг. 100-аас доош байвал гутранги болж эхэлдэг. Дээр өгүүлсэнчлэн 2013, 2014 оноос хэрэглэгчийн итгэлийн индекс буурсаар энэ оны нэгдүгээр улиралд 78 хувь болсон. Гэхдээ нийт дүнгээрээ буурч ирсэн ч индексийн утга маань өмнөх улирлуудтай харьцуулахад арай сайжирсан.

Ер нь итгэлийн индексийг одоо хэрхэн үнэлж байна, хагас жилийн дараа ямар болох вэ гэсэн итгэлээр нь үнэлдэг. Өнөөдрийн бизнесийн төлөв байдал ямар байна, ажил олдож байна уу, өрхүүдийн орлого жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсан уу, бараа бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой гэж үзэж байна уу гэх зэргээр олон асуултаас гаргадаг. Мөн ойрын нэг жилд инфляци ямар байх, орон сууцны үнэ буурах уу, худалдан авалт хийх төлөвлөгөө бий юу гэх зэргээр олон сонирхолтой дүн мэдээлэл гардаг.

-Хэрэглэгчийн итгэлийн индекс 78 хувь байгаа нь эдийн засагт өгч буй дүн хэмээн ойлгож болох байх. Гэхдээ сүүлийн саруудад эдийн засгийн өсөлтийг дагаад сэргэлт бий болж, амьдрал ахуй сайжирна гэсэн итгэл бага ч болов бий болж байгааг та хэллээ. Ер нь хэрэглэгчийн итгэлийн индексийн дүн мэдээг юунд ашиглах боломжтой вэ?    

-Иргэд, бизнес эрхлэгчид эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байгаа, ойрын зургаан сард хэрхэн өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэйг мэдэх нь их чухал.   Жишээ нь ойрын ирээдүйд машин, орон сууц авах уу үгүй юу, эсвэл эд хогшлоо шинэчлэх үү болих уу зэрэг бүх шийдвэрт индекс хэрэгтэй мэдээлэл болж очдог. Нөгөө талаас хэрэглэгчид ингэж харж байгаа бол бид төсөв дээрээ ямар бодлого барих, хувийн хэвшлийнхэн бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн авч явах зэрэгт хэрэгтэй мэдээлэл өгч байгаа юм. Тухайлбал, 2013 онд 10 дугаар сард индексийн утга 138 хүрч өсөөд тус онд буурах төлөв ажиглагдсан. Тэр үед бид хэрэглэгчдийн өөдрөг байдалд өөрчлөлт орж байгааг анхааруулсан. Хэрэглэгчийн өөдрөг байдал буурууд ирвэл эдийн засагт ямар нөлөөтэй гэвэл хамгийн том бүлгийн худалдан авалттай холбоотой байдаг. Хувийн хэрэглээний зарлага маань ДНБ-ий 60 орчим хувьтай явдаг. Өрхүүд нийлээд энэ улсад үйлдвэрлэгдэж байгаа зүйлийн 60 хувийг худалдан авдаг гэсэн үг. Тэгэхээр тэдний бодол, төлөвлөгөө, сонирхолыг тандах нь чухал юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс гутранги болоод ирэхэд удаан эдэлгээтэй барааны худалдан авалт буурдаг. Үүний тод жишээ гэвэл эдийн засаг халалттай 2011-2012 оны үед эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй нь нийт өрхийн 30-40 хувьд байсан. Хэрэглэгчийн итгэлийн индекс буураад ирэхээр энэ төлөвлөгөө 20-оос доош орчихож байх жишээтэй. Ингэснээр энэ төрлийн бараа худалддаг хүмүүст эрэлт буурна гэсэн мэдээ өгч байна. Ялангуяа, та хөрөнгө оруулж бизнесээ өргөжүүлэх гэж байгаа бол анхаараарай гэсэн үг.

-Эдийн засагт инфляцийн дарамтыг хэрхэн харж байна вэ? Ойрын жилүүдэд эдийн засаг нэлээн өсөх төлөвтэй байна?

-Хэрэглэгчийн ойрын ирээдүйн байдал гайгүй болох байх гэсэн хандлага жилийн өмнөөс өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ өнөөгийн байдал ямар байна гэхээр дандаа муу гээд яваад байсан. Харин сүүлийн нэгдүгээр улиралд бага зэрэг дээшилсэн. 2013 онд эдийн засаг хэвийн байна шүү дээ гэж байсан. Хэвлэл мэдээлэл бүгд л тэгж байсан. Тэр үед хэрэглэгчийн итгэлийн индексийн буурч байна шүү гэсэн мэдээлэл өгч байсан. Хэрэглэгч нар өдөр тутмын амьдрал, ажиглалтаасаа мэдээлэл өгч байгаа шүү дээ. Гэтэл үнэхээр л эдийн засаг уруудсан. Тиймээс хэрэглэгчид харьцангуй бодитой үнэлдэг. Өнөөгийн байдлын индекс сүүлийн найман улирлын дараа анх удаа өсөлттэй гарч байна.

Инфляцийн тухайд жилийн дараа ямар байх талаар 2016 онд асуухад 3 хувьтай гэж хэлсэн. Ерөнхийдөө эдийн засгийн байдал гайгүй болохтой зэрэгцээд үнийн түвшин өсөх болов уу гэсэн таамаг байгаа. Яг одоогоор инфляциас сэргийлэх бодлого явуулах шаардлагагүй.

Б.Сүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.