Гоё “ЗОВЛОН”-д жаргалтай живэгсэд…

2025-09-30 slider

Тийм ээ, улсын хамаг том бүлэглэлийнхэн эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө зоориндоо бялуурч гоё “зовлон”-д жаргалтай живэж байна. Тэд юугаар ч дутаагүй, юугаар ч өлсөөгүй нь лавтай.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд бүдүүн даргын сунгаагаа тасралтгүй 20 цагийн турш 442-лаа нэлээд хэл ам, хэрүүл тэмцэлтэй хийв. Гэхдээ ямартай ч үүргээ гүйцэтгэж, нэг дарга сонгоод баталж. Харин одоо Улс төрийн намын тухай хуульд зааснаар шинэхэн боссоо намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлэх учиртай.

Гэхдээ наана нь шийдвэрлэх олон асуудал байна. Эрх барьж буй намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа байгаа тохиолдолд институцийн зөрчил үүсдэг эцэг хуулийн сул тал “ах” намыг тойрсонгүй. Яг л АН-ыг тогоонд нь нам бутаргаж, хоёр тал болгон талцуулж байсан шиг танил үйл явц эдгээр өдрүүдэд тун өрнүүн үргэлжлэх шиг. АН-ын албан тушаал, эрх мэдлийн их тэмцэлдээн буюу Ц.Элбэгдорж-Н.Алтанхуяг, Х.Баттулга-С.Эрдэнэ гэж өрнөөд, хоёр ерөнхийлөгчийнх нь бүрэн эрх буюу 2015 оноос хойш арван жил үргэлжлэн энэ намар л булаацалдах зүйлгүй болж, цэгцрэх шатандаа орлоо. Магадгүй яг энэ өрнөл “ах” намд хоёр сонгууль дамнан найман жил үргэлжлэх эрсдэл харагдаж байх шиг.

Ер нь ялсан намын дарга Ерөнхий сайд Монголын бүх ард түмнээс сонгогдсон, өөрийн мөрийн хөтөлбөртэй топ улстөрч Ерөнхийлөгч хоёрын зөрчил тухайн улс төрийн намын ялсан ялагдсан бүлэг фракц, лидерүүдийн зөрчилөөр их өдөөгддөг. Гэхдээ түүх харвал ийм зодоонд Ерөнхийлөгчид ялж ирсэн байдаг. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэхэд л, тасралтгүй ялсаар энэ хүрсэн. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, өөрөө Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд сөрөг дайралтыг тэсэж, засгаа авч үлдэж чадсан. 2019 онд М.Энхболдыг огцруулав. 2020 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан Ерөнхий сайдаар улиран сонгогдсон тэрбээр дараа нь Х.Баттулгыг гол гарган 2021 онд Ерөнхийлөгч болсон гэдгийг хэн хүнгүй хэлдэг, ярьдаг.

Эцэст нь хэлэхэд, эрх баригчдын дотоод зөрчил улс төрийн оролцоо гэхээсээ иргэдийн өдөр тутмын амьжиргаа, орлого, бизнест илүү хортой байдаг. Зүй нь намын зодоон нь төрийнх болчихдог учраас. Нэмээд парламент дахь улс төрийн намууд их шуурганд татагдан оролцоод эхэлбэл, иргэдийн амьдралын өртөг улам бүр нэмэгддэг нь өнгөрөгч түүхүүдээр батлагдсан зүйл. Мөн эл үйл явц нь улс төр парламентын танхимаас хальж, гудамж руу гарвал үндэсний эв нэгдэлд асар эрсдэлтэй гэдгийг өнөөгийн эрх баригчдад хаяглахад илүүдэхгүй биз ээ…

Г.Энхчулуун

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.