УИХ-аас нүүрстэй холбогдуулан 10 арга хэмжээ авахаар ТОГТООЛ баталжээ

2024-01-17 Байгаль орчин

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан дараах 10 арга хэмжээг авахаар тогтоол баталжээ.

1. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

2. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах;

3. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;

4. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаагаа, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул ”Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах;

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах;

8. татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээд татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9. Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар тусгасан байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.