Бионсе амаржиж, ихэр хүүхдээ өлгийджээ

2017-06-19 Ертөнц

Дуучин Бионсе амаржиж, хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Бие давхар болсон гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард зарлаж, сошиал ертөнцөд дуулиан дэгдээж байсан тэрээр эсэн мэнд амаржсан гэдгийг аав нь Твиттерт  бичсэн баярын мэндчилгээгээр баталжээ. Гэхдээ Жэй Зи, Бионсе нарын гэр бүл албан ёсоор мэдэгдэл хийгээгүй учраас дуучин бүсгүй хаана амаржсан, хүүхдүүдийн хүйсийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.

Зарим хэвлэлийн мэдээгээр бол Бионсе Лос Анжелес дахь оддын үйлчлүүлдэг “Cedars-Sinai” эмнэлэгт амаржихаар түүнээс таван минутын зайтай байшин түрээсэлжээ. Сарын 100 мянган долларын үнэтэй энэ байрыг өмнө нь Мадонна эзэмшиж байсан аж.

Гэр бүл нь ганц биш хоёр хүнээр бүл нэмсэн учраас ихрүүддээ анхаарал халамж тавихаар Жэй Зи, Бионсе хоёр гэрийнхээ зүүн жигүүрийг нэг сая доллараар тохижуулсан гэнэ.

Бионсе амаржсан гэдэг сургаар шинэ хүмүүсийнх нь зургийг тэсэн ядан хүлээсэн мессэжүүд сошиал хуудсаар нь дүүрчээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Instagram-аар бие давхар зургаа нийтлэхэд хамгийн олон like цуглуулсан зураг болж, дээд амжилт эвдсэн билээ.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.