Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нийслэлийн борог ардыг хотын А бүсэд автомашины зогсоолын төлбөрийг нэг цаг нь 5000 төгрөг харин Б бүсэд 4000 төгрөг төлөх “лүндэн” буулгалаа.
Энэхүү шийдвэр нь судалгаа шинжилгээтэй, түмэн олон дагаж мөрдөх бүрэн боломжтой гэсэн. Чухам л салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн гаргасан тооцоололд үндэслэсэн юм байх.
Тухайлбал, холбогдох судалгаагаар төрийн албаны 63 мянга орчим албан хаагч хувийн тээврийн хэрэгслээрээ ажилдаа ирж, очдог дүн гарчээ. Иймээс Улаанбаатар хот дахь бүх авто зогсоолын төлбөрийг өндөр үнэтэй болгох зөвлөмжийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн гэх.
Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа билээ. Өдрөөс өдөрт гэрлийн хурдаар нэмэгдэх бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд сөхөрч байна. Ер нь банкны зээл, цалингийн зээлгүй төрийн албан хаагч, ямар нэгэн зээлийн аппын зээлгүй иргэн гэж энэ улсад үгүй л болов уу.
Цаашлаад “бүдүүн” дарга нарт 4000-5000 төгрөг “цаас” байж болно. Гэвч борог бидэнд энэ мөнгө чинь хүүхдүүддээ өгөх бүхэл бүтэн өдрийн талхны мөнгө шүү дээ.
Үнэндээ эл салбарт шийдвэр гаргагчийн зулайд сандайлах эрхэм Б.Дэлгэрсайхан нь хөрөнгө, орлогоороо парламентдаа төдийгүй Монголдоо толгой цохидог тэрбумтан. Тиймдээ ч ийм агуу хүний шийдвэр “тэнгэрийн” байхаас яах вэ. Газрын бидэнд хатуу санагдах нь зүй ёсных бус уу.
Тэрбээр 1993 онд “Дорнын говь”, 2004 онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг хятадуудтай хамтран үүсгэн байгуулсан байдаг. Олон засгийн үед нүүртэй, мөнгөтэй ч болсон. “Болдтөмөр Ерөө гол” компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших стратегийн ач холбогдол бүхий төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг. Харин “Дорнын говь”, “Болдтөмөр Ерөө гол” хамтран байгуулсан “Дорнын төмөр зам” компани нь Баянголын ордоос Ерөө өртөө хүртлэх 98 км төмөр замыг эзэмшдэг. Ийнхүү хувийн хэвшлээс анх удаа өөрийн хөрөнгөөрөө төмөр зам тавьсан лут түүх ч түүнийх билээ.
Юутай ч баян дарга нар аа түмнийхээ амьдрал ахуйг хөрсөнд нь бодитоор харж, дааж давахгүй татаас татвар нэхдэг болоо ч…
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
2024-10-4
2024-10-4
2024-10-4
87305
30052
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.