Холбогдох байнгын хорооны хуралдаанд Усны нөөц, чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Монгол орны усны нийт нөөц 564.8 км3 бөгөөд үүний 19.4 км3 нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км3 нь гол мөрөн, 500 км3 нь нуур тойром, 10.8 км3 нь газар доор ус эзэлдэг байна.
Монгол орны ус ашиглалтыг салбар бүрээр авч үзвэл 2022 онд нийтдээ 606.2 сая метр3 ус ашигласан бөгөөд үүний 31 хувийг мал аж ахуйн салбарт, 25 хувийг усалгаатай газар тариаланд, 15 хувийг уул уурхайн салбарт, 14 хувийг унд ахуйд, 8 хувийг эрчим хүч, дулаанд, 7 хувийг үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбарт ашиглажээ.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эх гэж тодорхойлсон байна.
Монгол орны гол мөрний усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт бүрэлддэг.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах зорилтод 2025 онд гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг хамгаалалтад авахаар тусгасан байна.
Монгол орны ундны усны чанарын үзүүлэлтийг бүс бүсээр гаргасан үзүүлэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулсан. Баруун бүсийн ундны усны 68 хувь нь, хангайн бүсийнх 65 хувь, говийн бүсийн ундны усны 86 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн мэдээллийг ШУА-ийн газар зүй, Геоэкологийн хүрээлэнгээс гаргажээ.
Түүнчлэн төв цэвэрлэх байгууламжийн тухайд, хоногт 170 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар 1964 онд байгуулагджээ.
Сайдын мэдээлснээр, MNS 4943:2015 стандартын шаардлага хангаагүй маш их бохирдолтой 150-160 мянган м3 буюу 10 тонны багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байгаа аж.
Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 150-160 мянган м3 бохир ус хүлээн авч, жилийн дунджаар 59-74 хувь цэвэршүүлдэг байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2024 онд ашиглалтад орох юм байна.
Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байгаа аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинат ТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд нийлүүлдэг гэлээ.
БОАЖЯ-наас 2022, 2023 онд удаа дараа эл асуудлыг хөндсөнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус шууд Улиастайн гол руу цутгадаг байсныг зогсоосон гэлээ.
Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр тулгамдаж буй асуудлаа танилцуулсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллээр 2022 оны байдлаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших 4827, өмчлөх 1071 эрх олгогджээ. Энгийн хамгаалалтын бүсэд эзэмших 20450, өмчлөх 7358 нэгж талбар, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужид газар эзэмших 124778, өмчлөх 77314 нэгж талбар олгогдсон байна гээд Дунд голын ойролцоо барьж буй усан парктай холбоотой асуудал, “Ривер Гарден”, “Хан Хиллс” хотхонуудын хажуу талын бургасыг ихээр сүйтгэсэн газартай холбоотой асуудлын талаар мэдээлсэн.
Цаашдаа усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс гэх бүсүүдийг тогтоохтой холбоотой асуудлыг хууль, эрх зүйн орчинд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.