Х.Нямбаатар: Иргэн Т.Бадамжунай ч албадан гаргахад татгалзах зүйлгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн

2023-04-5 Улс төр

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн Мягмар гариг (2023.04.05)-т Филиппин улсад баривчлан саатуулсан. Монгол Улсын хууль хүчний байгууллагынхан өнөөдөр (2023.04.04) түүнийг 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт авчрав. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Т.Бадамжунайг хэрхэн баривчилсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид сая БНСУ-д хуралдсан Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын хоёрдугаар уулзалтад оролцсон. Энэ хурлаар авлигатай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туслах чиглэлээр яриа хэлэлцээ өрнөсөн. Үүний дараа Филиппин улсад очиж хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай нь уулзаж эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай бичгээ гардуулсан. Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах шийдвэр гаргасан. Мөн энэ хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөөч гэсэн утга бүхий албан бичгүүдээ гардуулсан. Үүний дараа хууль сахиулах байгууллагынх нь зүгээс түүнийг албадан саатуулсан. Албандан саатуулах процесс 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид авч явах хүсэлтээ тавьсан. Иргэн Т.Бадамжунай ч албадан гаргахад татгалзах зүйлгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Сая буусан даруйд нь АТГ-ынхан баривчлах шүүхийн тогтоол танилцуулсан. Цагдан хорьж таслан сэргийлэх эсэхийг нь мөрдөх байгууллага шийднэ” гэлээ.

Түүнчлэн Шувуу ажиллагааны хүрээнд “Бусад улсаас өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг эрх зүйн туслалцаа авах замаар ирүүлэх арга хэмжээг авна. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаахаар шийдвэрлэсэн. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан. Аль улсаас хэнийг, хэзээ авчрахыг хэлэх боломжгүй. Ажлын хэсэг дээр ярилцсан, төлөвлөсөн, гадаад харилцааны шугамаар холбогдож байгаа зүйл бий” хэмээн тэрбээр тодотголоо.

Филиппин улсад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга Т.Сүхболд нар ажиллажээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.