Үйлдвэрийн “амь” нь тасрах айдас холдсон ч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах уу…

2023-03-21 Байгаль орчин

Томилолтын сурвалжилга

Галт тэрэгний цонхоор шаргалтах талын дунд хааяахан энд тэнд хунгарласан цасыг эс тооцвол бүхэлдээ хаврын урь орж, аргагүй л цаг наашилж буйг илтгэнэ. Яг өдгөөгөөс таван жилийн өмнө мөн л сэтгүүлч нөхдийн хамт эл замаар уурхайчдын хотыг зорьж байв. Харин энэ удаад “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ынхантайгаа дэлхийд зүй ёсоор данслагддаг Монгол Улсын баатар “Эрдэнэт” уулын баяжуулах зэс молибдений үйлдвэрээр орж, тэдний үйл ажиллагаатай танилцах сайхан боломж тохиож буй нь энэ юм.

Өмнөх томилолтын үеэр тус уурхайн “амин сүнс” болсон Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өртгөтгөл шинээр барих асуудал яригдаж байсан. Харин өнөөдөр эл өргөтгөл ашиглалтад орж, жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажил нь жигдэрсэн томоохон бүтээн байгуулалт болжээ. Энэхүү үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд 2020-2031 онд өмнөх 12 жилийн гүйцэтгэлтэй харьцуулахад үр ашигтай байх жилийн тоо зургаан жилээр нэмэгдэнэ гэсэн том зорилт тавин ажиллаж эхэлжээ.

Ямартай ч тэд дэлхийг нөмөрсөн цар тахлын үеэр төлөвлөснөө гүйцэлдүүлээд зогсохгүй улс орныхоо ахуй амьдралд нэмэр болж, айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр “Үндэсний баялгийн сан”-тай болох түүчээг эхлүүлсэн сайхан мэдээгээр биднийг угтсан юм.

Бор уулын буян шавхагдаж, атга шороо нь ч алтаар хэмжигдэх цаг ирнэ…

Эрдэнэтийн-Овоо ордын уулын олборлолтын ажлыг 1976 онд далайн түвшний 1606 метрээс анх эхэлж байсан түүхтэй. Харин өдгөө хамгийн доод түвшний олборлолт 1190 метрт хүрсэн нь уурхай хэрхэн гүнзгийрч буйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ил уурхайн гүн 150 метрт хүрчээ. Энэ хирээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдсээр байна. Жишээ нь үйлдвэр анх ашиглалтад орж байхад хүдэр дэх зэсийн агууламж нэг хувь байсан бол өдгөө 0.416 хувьтай хүдрийг боловсруулж байна. Цаашид ч агуулга улам буурна. Ингэснээр зэсийн гарц буурч, ашиглалтын зардал өснө. Тиймээс дэлхийн зэсийн болон алтны үндсэн ордын ил уурхайнуудад түгээмэл хэрэглэдэг, одоогийн техник технологийн түвшинд шалгарсан арга механизмыг салбарын мэргэжилтнүүд ухаанаа уралдуулж судалж, эхнээсээ ч тодорхой арга шийдэлд хүрээд байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа.

Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” зургаан талбайд нэмэлт хайгуул хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Энд нэг зүйл тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах хэлэлцээрийн үед 30 жилийн нөөцтэй гэж тооцолж байсан. Гэхдээ тэд зогсолтгүй урагшилж, өнөөдөр үйлдвэрийн зүгээс хайгуулын ажилд 30 гаруй сая ам.доллар зарцуулан эл хугацааг 70 орчим жил тасралтгүй ажиллах нөөцийг илрүүлээд байна. Юутай ч үйлдвэрийн “амь тасрах” нь гэсэн айдас энэ бидний үед холдон одож. Харин одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж, өнө удаан улс гэр, уугуул нутгийнхнаа түмэн үеэр нь тэтгэх асуудал нэн тэргүүнд зүй ёсоор тавигдана. Тийм ч учраас үйлдвэрийн нөөцийг дахин шинэчлэн тогтоосон үеэс энэ асуудал хөндөгдөж буй юм. Наанадаж л уул уурхайд түшиглэсэн хот суурингийн хувь заяа нөөц шавхагдах цагт нуран унадаг нь олон улсын жишээнээ тодхон. Үйлдвэрийн дуу тасарч, өндөр үүд нь хаагдах цагт үе удмаараа эл нутагт суурьшин суусан түмэн олон, хойч үе маань хэрхэх вэ?

Өнөөдөр эрдэнэтчүүд “бор уулынхаа” буянаар ажилтай, орлоготой сайхан амьдарч байна. Гэхдээ аливаа байгалийн баялаг шавхагдах нь эх дэлхийн хууль…

Яг өнөөгийн өндөрлөгөөс харахад, үйлдвэрийн чимээ тасрахын цагт өвлөж үлдэх ганц салбар ч олигтой хөгжихгүй байна. Өнөөдөр гэхэд Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэсэн 100 гаруй мянган хүн ам, уурхай, үйлдвэр дагасан 10 мянга орчим ажилтан, уурхайгаас хамааралтай аж ахуй эрхлэгчид гээд жилээс жилд нэмэгдэх энэ өнөр өтгөн айл нэгийг бодож, хоёрыг тунгаах ёстой болжээ.

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ажил энэ зун шийдэгдэнэ 

Энд олон жил хэл ам дагуулсан зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн тухай хөндөхгүй өнгөрч боломгүй. Холбогдох мэргэжилтнүүдийн тодотгож буйгаар хэрвээ энэ үйлдвэрийг байгуулж чадвал эдийн засгийн үр өгөөжийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол бий. Юутай ч хамгийн сүүлийн мэдээллээр хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор  саармагжуулж элементийн хүхэр үйлдвэрлэх туршилыг “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар Хятадын MFE төрийн өмчийн судалгааны хүрээлэн хийж байгаа аж. Одоогоор лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт амжилттай болсон. Тиймээс эцсийн туршилтыг Шинжаанд хийж байгаа бөгөөд амжилттай болвол энэ оны зургадугаар сарын 30-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г нь батлуулахаар төлөвлөжээ.

Уг нь манай улс энэхүү үйлдвэрийг барьж байгуулах зарчмын шийдвэрийг 2010 онд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор гаргасан байдаг. Ийнхүү 2015 онд Засгийн газрын 247 дугаар тогтоолоор энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэглэж, улмаар ТЭЗҮ-ийг Эрдэнэт үйлдвэр захиалан БНХАУ-ын Зураг төслийн тэргүүлэх институтээр хийлгэсэн.  Харамсалтай нь өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй энэ хүрчээ.

Нөгөөтэйгүүр, ЗХУ-аас үйлдвэрлэгч орон болох манай улсын том зорилтыг “дарсаар” ирсэн нь түүхийн шар хуудаснаа тодхон бий. Мөн энэхүү үйлдвэрийг барих ажил хойшлогдох болсон бас нэгэн шалтгаан нь зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гэх хортой бодис ялгардаг. Энэхүү хорыг хэрхэн саармагжуулах асуудал яригдаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах фосфортын ордыг ашиглах санал гаргасан нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарах үндэслэл болсоор ирсэн юм. Хэрвээ бид дотооддоо зэс хайлуулах, боловсруулах үйлдвэртэй болвол нийт баяжмалынхаа найрлага дахь үнэт металийг ялгаж авах бололцоотой болно. Тухайлбал, зэсийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгийг дотооддоо ялгаж авна гэсэн үг. Мөн жоншны баяжмалыг хүхрийн хүчилтэй хольж, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэх боломжтой болох юм.

Я.Ариунзул: Хэчнээн их мөнгө, алт, зэс байгаад тэндээс мод ургахгүй шүү дээ

Ийнхүү бидний дараагийн өртөө Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв байв. Төвийн гол зорилго нь нэн ховор, ашигт ургамлын болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх юм. Мөн тэд өнгөрөгч онд хайлаасны 512 кг үр түүж, анхны үрийн дээжээрээ  уул уурхайгаас үүдэлтэй доройтсон хөрсийг сэргээхээр 8 км зурваст тарилт хийж амжилттай ургуулжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү зорилтоо амжилттай хэрэгжүүлэх, модлог ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, генийн санг хадгалах, хамгаалах, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор тус төвийг өнгөрсөн зун ашиглалтад оруулсан юм.

Тус төвийн дарга Я.Ариунзул “Яг одоогийн байдлаар бидэнд нэг тонн үрийн нөөц байна. 300 кг үр тарьсан.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн анх хэрэгжиж эхлэхэд улсын хэмжээнд 230 кг үрийн нөөц байсан. Одоо бол зөвхөн манай дээр гэхэд нэг тонн үрийн нөөц байна. Ямар ч байсан үрийн нөөц бүрдүүлж болох юм байна гэдгийг харууллаа. Энэ бол том үр дүн. Үргүй бол бид юугаа тарих билээ. Хэчнээн их мөнгө, алт, зэс байгаад тэндээс мод ургахгүй шүү дээ. Тэгэхээр үр хамгийн чухал. Хоёрт, хөрс. Хөрсний төвийн маань засвар дуусаж байна. Одоо бага зэрэг тохижилтын ажил хийгээд, тоног төхөөрөмж ирчихвэл нээлтээ хийнэ. Анхны хөрсөө ялгаад эхэлсэн” гэлээ.

Тэдний хийсэн ажлуудын сонирхол татсан нэг хэсэг бол үрийн бөмбөлөг. Энэхүү бөмбөлөгөөр үржил шимгүй газар хөрс бэлтгэхгүйгээр шууд тариалалт хийж болдгоороо давуу талтай гэнэ. Бөмбөлөгийг шавар, бордоо зэргийг нийлүүлж хийдэг байна. Одоогоор бөмбөлөгөө хайлаасны үрээр бэлдэж, говьд тариалах бэлтгэлээ базаагаад байгаа аж.

Мөн Хаягдлын аж ахуйн уурыг халиахгүй, тогтоон барьж байдаг далангуудын шилжилт, суулт, хөдөлгөөнийг зогсоохын тулд өнгөрсөн жил 30 га талбайд мод тарьсан сайхан мэдээтэй. Үүний тулд газраа гурван удаа хагалж, цэвэрлэх байгууламжаас лаг зөөж хийжээ. Дараа нь бууц завсаргүй асгаж, газраа хагалсан байна. Ийнхүү тухайн орчныг ариутгаж, дахин бууц асгаж газраа хагалжээ. Ингэснээр энэхүү 30 га газрын цагаан тоосны асуудал шийдэгдэж буй юм.

Түүнчлэн аливаа ургамлын гол үндсэн хоол нь ялзмаг байдаг. Тус төвийнхөн үйлдвэрийн ажилчдын хоолны үлдэгдэл болон цаасны хаягдлаар ялзмаг хийж, ирэх тариалалтад бэлтгэж эхэлжээ. Мөн энэ хавар бүтээн байгуулалтын ажлаа цогцоор нь шийдвэрлэхээр судалгаа хийж, их л ажилтай сууцгаана. Тухайлбал, ирэх намар Хангалын голын эрэг дагуу бургас тарихаар судалгааны ажлаа нуглаад байгаа гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.