ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2023-01-10 Мэдээ мэдээлэл

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.10) хуралдаан 09 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Ц.Цэрэнпунцаг гишүүн тайлбар, хариулт өгсөн юм. Дараа нь санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдав.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн өргөн мэдүүсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллахаар тогтов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалгалгүй нээлттэй үлдээсэн төслийн 10, 25 дугаар зүйлүүд дэх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран батлах журмуудын талаарх ерөнхий зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасан нэмэлт саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Хуулийн төслийн нэрийг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэр томьёог үүнд нийцүүлж, жигдэлсэн хууль зүйн техникийн засваруудыг ажлын хэсэг хийжээ.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 8 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгон, бүхэлд нь өөрчлөн найруулахыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжсэн бол “Хяналт шалгалт” гэсэн 25 дугаар зүйлийг төсөлд шинээр нэмэхийг гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Ийнхүү Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хуралдаанаар хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Улсын Их Хурлаас 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ажлын хэсэг тогтоолын төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүй, үг хэллэг, нэр томьёо, найруулгын саналыг төсөлд тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төслийг хэлэлцэх үеэр хуралдаан даргалагчаас тогтоолын төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу холбогдох саналыг бэлтгэн томьёолсон байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн танилцуулсан дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Баялгийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлж, тогтоолын төсөлд энэ агуулгаар холбогдох заалтыг тусгах санал хэлсэн. Энэхүү тогтоолын төсөл дэх зохицуулалтын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн харж байгаагаа Ж.Бат-Эрдэнэ гишүүн тайлбарласан. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа гэлээ. Иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, жил бүрийн ноогдол ашгийг олгохтой холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут нар санал гаргаж байв. Мөн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол”-ын тайланг хэлэлцсэн бөгөөд хуралдаан даргалагчаас тайлангийн үр дүн болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйл 117.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Энэ дагуу ерөнхий хяналтын сонсголын тайлангийн агуулгын дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар санал гаргаж, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийн заалтуудтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ийнхүү хэлэлцэж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.