Б.Батхүү: Эдийн засгийн хөгжилд ЖДҮ чухал үүрэг гүйцэтгэдэг

2018-10-4 Эдийн засаг

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ-тай хамтран 6-р сарын 15-18-нд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи -2017” олон улсын үзэсгэлэнг  20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг угтаж ЖДҮ, технологийн салбар, түүнийг хөгжүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

– Хэдхэн хоногийн дараа “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи -2017” олон улсын үзэсгэлэн зохиогдох байна. Уг арга хэмжээнээс хүлээж буй үр дүнгийн талаар ярихгүй юу? Өмнөх жилүүдээс ямар онцлогтой болох бол?

– Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг, ач холбогдол өндөртэй салбар. Олон улсын жишгээс ч харсан Өнөөдрийн байдлаар жижиг дунд бизнесийг нийгмийн дунд ангийнхан эрхэлдэг бөгөөд энэ нь олон орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болж байна. Хөгжингүй орнуудын нийт үйлдвэрийн 70-90 хувийг ЖДҮ эзэлж байна. Манай улсын хувьд ЖДҮ эрхлэгчдэд хамгийн шаардлагатай зүйл нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, зах зээлд хүргэх, цаашлаад экспортод гаргах гарц суваг байдаг. Үүнд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор уг үзэсгэлэнг МҮХАҮТ-тай хамтраад зохиож байна. Энэхүү уламжлалт арга хэмжээг МҮХАҮТ өндөр түвшинд зохион байгуулж ирсэн, ЖДҮ эрхлэгчид ч ам сайтай байдаг. Энэ удаагийн экспо нь 2017 оны 9 дүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах Монгол-Хятадын II дахь ЭКСПО-д оролцох аж ахуй нэгж, бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах үндсэн зорилготой.

– Үзэсгэлэн худалдаанд шалгарсан бүтээгдэхүүнийг хэрхэн дэмждэг вэ? ЖДҮ, технологийг сурталчлах олон үзэсгэлэн болдог ч үр дүнг эргээд тооцох талаар учир дутагдалтай тал ажиглагддаг?

Шалгарсан бүтээгдэхүүнийг алдаршуулах, үндэсний бахархалт бүтээгдэхүүнээр зарлах, цаашлаад олон улсын тавцанд гарахад зуучлах гээд олон талаар дэмжиж ирсэн. Ер нь экспо зохион гэдэг манай эцсийн зогсоол биш. Бараа бүтээгдэхүүнийг борлуулах, өргөжүүлэх суваг гарц нээх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт олох, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх, борлуулалт үйлдвэрлэл дээр хамтран ажиллах түнш олох боломж болж өгдөг. Ирэх намар зохиогдох Монгол Хятадын экспо нь маш өндөр борлуулалт хийгддэг, хилийн чанадад зохиодог манай хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Түүнд өргөн далайцаар оролцож, бараа бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээнд борлуулахын тулд бүтээгдэхүүний ахиухан нөөц бүрдүүлэхээс эхлээд бэлтгэл ажил их. Оролцогчдод хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэр, татвар гээд хөнгөлөлт чөлөөлөлт ч их. Хоёр  жилийн өмнө зохиогдсон экспо маш сайн борлуулалттай, үр дүнтэй болсон. Бид энэ эрчийг алдахгүйг хичээж байна. Хил орчмын худалдааг амжилттай зохиож чадвал бидний дараа дараагийн ЖДҮ-ийг дэмжих үйл ажиллагаанд хэрэгтэй. Одоогоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.  SME буюу “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи -2017” арга хэмжээ бол үүний нэг хэсэг нь юм.

– Манай улс ЖДҮ хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Гэтэл бодит байдал дээр үндэсний үйлдвэрлэл сайн хөгжиж чадахгүй, өрсөлдөх чадвар сул, бие биеэ дуурайсан, хэдхэн төрөл дотор эргэлдсэн байдалтай л байна. Үүний шалтгаан юу вэ?

– ЖДҮ-ийг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал багагүй бий. Бараа бүтээгдэхүүний чанар, төрөл зүйл, сав баглаа боодол хангалтгүй, нэгийгээ дуурайх зэрэг нь аль ч улс оронд байдаг л зүйл. Хамгийн гол нь манайд  үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн мэдлэг мэдээлэл, бизнест хандах ухагдахууныг сайжруулах шаардлагатай сул байна. Бараа бүтээгдэхүүний судалгаа, тооцоо дутсанаас олуулаа нэг юм руу шуурч ороод зах зээлийн савлагаанд унах гэхчлэн тохиолдол буурахгүй байна. Манай улсад жилд 5000 орчим ЖДҮ шинээр бий болж, мөн тооны ЖДҮ дампуурч байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь бид ЖДҮ эрхлэх, эрэлт нийлүүлэлтийн үндэслэлээ зөв тооцох, стандарт шаардлагаа судлах тал дээр төдийлөн урагшаа ахиж чадахгүй байгааг  харуулж байгааг хэрэг л дээ. Төрийн зүгээс хөл дээрээ босч байгаа аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжих бодлого барьдаг. Үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцож, худалдан авагчидтай нүүр тулах нь тухайн үйлдвэрлэл эрхлэгчдэд ч хэрэгтэй. Харилцан суралцаж, туршлага хуримтлуулж, бас өөрсдийгөө хаахна явааг мэддэг гээд мөнгөн дүнгээр хэлэх боломжгүй үр дүн багагүй бий.

– ЖДҮ эрхлэгч нарт сав, баглаа боодлоо сайжруулах шаардлага тулгарсаар ирсэн. Засгийн газраас ч Сав, баглаа, боодлын үндэсний хөтөлбөр баталсан байгаа. Хэрэгжилт ямар байна вэ?

– Бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг хэрэг, түүнийгээ эрүүл ахуйн болоод бусад стандарт хангасан сав баглаа, боодолтой болгох нь маш чухал асуудал л даа. Манай шилдэг бүтээгдэхүүнүүд олон улсын стандарт  шаардлагад нийцсэн сав баглаа боодлоо сайн бэлтгэх шаардлагатай. Японд жишээ нь тухайн бүтээгдэхүүнээсээ илүү сав баглаа боодлыг нь үнэ цэнэ оруулах байдал ажиглагддаг. Бидэнд сав баглаа боодлын чиглэлээр авах арга хэмжээг нэлээн сайжруулах шаардлага байна. Энэ нэг талаас эрүүл ахуй, ариун цэвэр, стандарт шаардлага. Нөгөө талаасаа тухайн бүтээгдэхүүний гоо зүй, дизайн, хүний сэтгэлийг татах байдал учир хаана хаанаа хүч, хөрөнгө зарах ёстой. Засгийн газраас баталсан хөтөлбөр эрүүл ахуйн шаардлага тал руугаа хэрэгжиж байгаа. Тухайлбал Сав баглаа боодлын холбоотой хамтраад Нарантуул зах дээр зарагддаг цэнхэр савыг хүнсний хэрэглээнээс хасахаар ажиллаж байна. Манайхан сав л бол сав гэдэг сэтгэлгээнээсээ салах шаардлагатай. Үнэ хямдтайд нь болоод хүнсний зориулалтын бус савыг хэрэглэснээр өнөөдөр шууд ёо гэх өвчин мэдрэгдэхгүй ч ирээдүйд үүсэх ноцтой өвчлөлийн нэг шалтгаан болдог гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах, ухааруулах, орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг дэмжихээс эхлээд цогц ажил хийгдэж байна. Түүнээс биш дан ганц бизнес эрхлэгчидтэй тэмцээд нэмэргүй л дээ. ЖДҮ эрхлэгчдийн тухайд сав баглаа боодлоо сайжруулах тал дээр эрэл хайгуул хийж, хөрөнгө мөнгө зарцуулбал эргээд бүтээгдэхүүнээс хүртэх үр шим нь нэмэгдэнэ гэдгийг сайн ойлгох шаардлагатай.

– Олон улсын чөлөөт худалдааны хэлэлцээр, Европын чөлөөт худалдааны хэлэлцээр гэх мэт хэлэлцээрүүдэд манай улс хамрагдаж байгаа. Үр ашиг нь хэр гарч байна вэ?

– Үр дүнг шууд утгаар нь хэлэхэд эрт байна. Гэхдээ алхам алхмаар сайжирч буй үзүүлэлт бий. Тухайлбал EPA-ийн хэлэлцээр буюу Япон-Монголын хооронд татвараас чөлөөлсөн хэлэлцээрийн хүрээнд бага сага амжилт гарч байна. Гэхдээ өнгөрөгч 6 дугаар сараас хойш бүтэн жилийн хугацаанд яагаад хүссэн үр дүнд хүрч тогтвортой экспорт хийж чадахгүй байна вэ гээд үзэхээр нэн түрүүнд Японы зах зээлд нэвтрэхэд тэдний стандарт шаардлагыг хангаж чадахгүй байгаа шалтгаан байна. Японы шаардлагыг хангана гэдэг дэлхийн шаардлага хангана гэсэн үг. Япон улс импортын бүтээгдэхүүндээ маш өндөр шаардлага тавьдаг орон, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнд их анхаардаг.

–  Манай улсаас чацарганы бүтээгдэхүүнээс өөр ямар хүнсний бүтээгдэхүүн Япон Улс руу гарч байна вэ?

– Монголоос Монфрэш компани бяслаг үйлдвэрлээд Япон руу туршилтын журмаар гаргаж байна. Манай улс 61 сая малтай, малын гаралтай түүхий эдээ ашиглаад бяслаг, хуурай сүү мэтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах өргөн боломжтой. Гол нь сүүгээ хуримтлуулах, чанарын шаардлага хангасан, хадгалалт даах технологи нэвтрүүлэхэд учир дутагдалтай байна.  Японы EPA хэлэлцээр том боломж олгож байгаа ч дээр хэлсэнчлэн сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийн горимын шаардлага хангахгүй байгаа. Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй нь ЖДҮ эрхлэгчид байгаа. Үүнд худалдааныхан бас ордог. Үйлдвэрлэл эрхлэгчид урд хөршөөс аль болох хямд тоног төхөөрөмж авдаг, тухайн салбартаа хараахан эксперт болж чадаагүй байгаа гээд бэрхшээл бий. Гэхдээ энэ бүхэн нэг өдөр сайжирчих зүйл биш алхам алхмаар урагшилж байна. Төрийн зүгээс ЖДҮ-г дэмжих уялдаа холбоогоо сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд зах зээлийн үнэлгээний болон стандартын мэдлэг олгох гээд ажил хийж байна.

– Манайх мал аж ахуйн орон гэж байгаа мөртлөө арьс шир, эсгий гээд өөрсдөдөө байгаа түүхий эдээ урдаас оруулж ирэх явдаг буурахгүй байна. Үүний шалтгаан юу вэ?

– Өнөөдөр манай МАА-н гаралтай түүхий эдийн чанар муу байгаа нь хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбар болох арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал болоод байна. Арьс ширний салбарыг жишээлж ярихад үндсэн түүхий эд малын арьсан дахь амьдын гэмтэл, нядалгааны үеийн гэмтэл, нядалгааны дараах гэмтэл нийлээд түүхий эдийн үнэ цэнийг маш их унагаж байна. Хонины нэхий боодол бохиноос хямд байгаа шалтгаан бол түүхий эдийн чанартай шууд холбоотой байгаа юм. Чанартай сайхан түүхий эдийг үйлдвэрүүд хангалттай үнээр худалдаж авахад бэлэн байгаа тухай үйлдвэрүүд амлаж байгаа.

Хонийг амьдад нь хачиг хувалз шимэгчилж, шивээ өвс цоолох нь хонины арьсыг амьдад нь гэмтээнэ. Нядалгааны үед бол гар аргаар стандарт бус нядалгаа хийж арьсыг цоолох, зүсэх, буруу өвчсөнөөс үүдэх гологдол, нядалсны дараа хадгалалтын горим зөрчиж давслахгүй хатаах, хонины өлөнг нэхийнд нь боож хадгалснаас болж илжрүүлэх байдал түгээмэл байна. Хонины арьсан дахь хачиг хувалз, шивээний сорви дайр нийт арьсны 80 хувьд байдаг. Мал нядалгааны 90 хувийг гар аргаар хээрийн бойгоор нядалдаг ба бодын арьсны 60 хувь, бог малын арьс дөнгөж 20 хувь нь үйлдвэрийн шаардлага хангахуйц байна. Ийм байхад үйлдвэрүүд хангалттай мөнгө төлөх боломжгүй. Түүхий эдийн тогтолцоо сайн байсан социализмын үед нийт арьсны 70 хувь нь нэгдүгээр зэргийн арьс байсан тухай үйлдвэрлэгчид ярьдаг. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо алдагдсан, мал эмнэлгийн үйлчилгээ муудсан нь түүхий эдийн чанар муудсан гол шалтгаан юм. Мал эмнэлгийн тогтолцоо гээд дахиад яригдана.

МАА-н гаралтай түүхий эд бэлтгэл, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар тодруулбал?

-Манай улс жилдээ 8500 ноолуур бэлтгэдэг, ноолуурын түүхий эд бэлтгэлээрээ дэлхийд 2-рт ордог том нийлүүлэгч орон. Мөн 10 гаран сая ширхэг арьс бэлтгэдэг. Гэвч мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарын маань нэмүү өртөг бүтээх тал дээр сулхан байна. Ноолуурынхаа 30 хувийг дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үлдсэн 70 хувийг нэмүү өртөг бараг шингээлгүй экспортолж байна. Арьс ширний хувьд 60 хувийг үйлдвэрт боловсруулж 40 хувийг экспортолдог. Гэвч экспортын барааны бүтцэд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ чамлалттай байна. Үүнд өмнө нь ярьсан түүхий эдийн чанар шууд нөлөөлж байгаа юм. Ер нь  ЖДҮ-г хөгжүүлэх нь дан ганц үйлдвэрлэгчдийн ажил биш юм. Малчдын хариуцлага, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих  иргэдийн сэтгэлгээ гээд олон зүйлээс хамаардаг.

– Ярилцсанд баярлалаа.

                                                                        Э.Адъяасүрэн

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.