ДЭМБ-ын 2021 онд хорт хавдраар 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй эндсэн гэж мэдээлжээ. Монгол Улсад жилд дунджаар 300-400 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар нас бардаг ба тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.
Манай улсын тухайд, умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил 2011-2012 онуудад хийгдэж 10 мянга гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакциныг олон нийтийн дунд үргүйдэлд хүргэдэг гэх мэтчилэн буруу ташаа, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн вакцинжуулалтыг зогсоосон байдаг. Тухайн үед манай улс бүсийн орнуудынхаа дунд вакцинжуулалтаараа тэргүүлж байсан. Гэтэл өнөөдөр сүүл мушгиад зогсохгүй, умайн хүзүүний хорт хавдрын тоон үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлж эхэллээ.
Жишээ нь дэлхийд нэн ядуу гэгддэг Африкийн орнууд нийт охид бүсгүйчүүдийнхээ 90 хувийг вакцинжуулалтад хамрагдуулж, эхнээсээ эл хавдрын тоон үзүүлэлт буурсан сайхан мэдээтэй. Цаашлаад энэхүү хавдрыг “Тэглэх” хэтийн төлөвтэй урагшилж байна. Гэтэл манай улс өдгөөг хүртэл энэ төрлийн вакциныг сайн, муу гэсэн маргаантай байсаар…
Энд нэг зүйл тодруулахад, Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн доктор Б.Цэцэгсайхан нарын судлаачид дээрх онуудад вакцин хийлгэсэн 10 мянга орчим иргэнийг хамруулсан дагах судалгааг хийж олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд судалгааны үр дүнгээр 75-аас дээш хувиар вирусын халдвараас хамгаалж буй нь нотлогдсон бол 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британид умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарлаад байна.
Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу шатаа мэдээллээс болж өнгөрсөн онд гэхэд 157 эмэгтэй, сүүлийн 10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 2500 гаруй иргэн хорвоог орхисон нь харамсалтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-ын Эрдэмтэдийн зөвлөлөөс 2022 оны дөрөвдүгээр сард зөвлөмж гарсан бөгөөд НЭГ тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-аас дээш хувь байгаа тул НЭГ тунгаар хийх зөвлөмж гаргасан байна.
Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10,000 тун вакциныг авах боломжтой болсон зэрэг таатай мэдээ сүүлийн үед сонсогдох боллоо.
ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс нэвтрүүлснээс 120 гаруй улс орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлж эхэлсэн бол 2022 онд 13, 2023 онд 18 улс орон нэвтрүүлэхээр болжээ.
Ямартай ч манай улсын хувьд, салбар яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ оноос тус вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бүрэн албажаагүй байна.
7 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.