Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монгол Улс ашиглаж чадахгүй байна

2022-11-15 Байгаль орчин

Нүүрсний ханш олон улсын зах зээлд оргил түвшинд хүрч байгаа ч манай улс энэхүү боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дэлхийн зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 500-600 ам долларт хүрлээ. Гэтэл хар алтаараа улсын төсвийнхөө ихэнхийг бүрдүүлдэг манай улс тээвэр ложистикт 400 ам доллар зарцуулан нүүрсээ 60 ам доллараар зарж байна.

Энэ бүхний цаана хэний, юуны, ямар ашиг сонирхол яваад байна вэ?

Үнэхээр Монгол Улсад энэ салбарыг хэдхэн хүн атгаад байна уу. Ингэж хардах ч үндэслэл харагдаад байна. Тухайлбал, чуулганы танхимаас УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Баттөмөр нарын хэлсэнчлэн нүүрсний мафийн систем Монгол Улсад бий болж, нэр бүхий гишүүд дэлхийн зээл дэх нүүрсний үнийн өсөлтийг ашиглан эдийн засгаа зориудаар сэргээхгүй байгаа тухай мэдэгдсэн. Тэгвэл хууль дүрэмтэй, төрт улсын хүчний байгууллага, харъяалагдах удирдлагууд яагаад эл асуудлыг шалгаж, ажлаа хийхгүй байна вэ. Тэдний гар хөлийг юу тушаад, яагаад нүдэн балай чихэн дүлий сууна вэ. Энэ мэтчилэн тус салбарын олон асуудалд төрийн хараа хяналт, шалгалт хэрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс арваннэгдүгээр сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Оны эхнээс 24,379.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн мэдээллийг холбогдох албанаас өгч байна. Гэвч өдрөөс өдөрт дэлхийн зах зээлд нүүрсний ханш өссөөр байхад манай улс газрын баялагаа цөөхөн зоосонд гадагш нь урсгаж байгаа нь яах аргагүй хөндөх ёстой асуудал юм. Тэгвэл энэ бүхний “чөдөр” юу вэ. Мэдээж эхний ээлжинд олон жилийн турш амтай бүхний ярьдаг, хэлдэг өнөөх логистик сул хөгжсөн байдал. Мөн дотоодын “буруу гарын” сүлжээ. Түүнээс биш нөөцтэй байна гэдэг нь гол давуу тал биш болохыг бид өнгөрсөнд хатуу ойлголоо. Одоо харин төр засаг нь өөрийн баялагтаа эзний ёсоор зөв бодлого чиглэлтэй байж, наанадаж л байгалийн нөөцийг бүрэн ашиглаж хог гаргахгүй байя. Ядаж л хуулийн хүрээнд нүүрсний үнийг олон төрлөөр тогтоох хэрэгтэй…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.