Хүүхдэд шагнал, шийтгэл бус учир зүйтэй тайлбар хэрэгтэй

2017-02-7 Гэр бүл

Зарим аав, ээжүүд амархан уурладаг. Хашгирч орилоход нь хүүхэд айж эмээдэг.

Зарим эцэг, эхчүүд учиргүй тайлбар тавина. Юу хийх хэрэгтэйг нэг бүрчлэн тоочино. Хүүхэд гэвч энэ байдлаас залхдаг.

Зарим аав, ээжүүд хүүхдийн дуртай зүйлийг хорьдог. Тэр ч бүү хэл буруу зүйл хийвэл тодорхой хугацаанд нэг газар суулгана, угаалгын өрөөнд цоожилно. Өөрөөр хэлбэл, айлгах сүрдүүлэх арга хэрэглэдэг хүмүүжүүлэгч олон байна. Тиймээс энэ бүгдэд өөрийн гэсэн “тун”-г нь тааруулах нь чухал юм.

“”Эрхэм эцэг эхчүүд ээ, ухаалаг алхам хийхийг хүсвэл нөхөрсөг дуу хоолой, сайхан сэтгэлээр ханддаг юм шүү.

Эхний алхам, хүүхдийн зан үйлдэлд шагнал болон шийтгэл өгч байхаар зүгээр түүнийг орхих хэрэгтэй. Зүгээр орхино гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эрхэм та цаг гарган нэг бодоорой.

Тухайлбал, хүүхдийн гаргасан буруу зан үйлдэлд тэр дор нь шийтгэл өгвөл, хүүхэд засахыг оролдох бус харин ч эсэргүүцэл үзүүлэх болно. Тэрбээр “Ээж ээ, намайг шийтгэсэн нь сайн болж. Та намайг загнаагүй бол би сахилгагүйтэхээ үргэлжлүүлэх байсан юм” гэхгүй.

Дээрх асуудалд бяцхан тайлбар хийе. Жишээ нь, Та зөвхөн ням гаригт амардаг гэж бодъё. Гэтэл та амралтын ганц өдрөө бөөн шуугианаар сэрлээ. Хүүхэд тань эрт сэрээд зурагтын дуу чангалжээ. Та орилж “Наад зурагтаа унтраа” гэнэ. Хүүхэд тань юу болсныг гайхна. Энэ нь шууд шийтгэл болно. Харин үүний оронд учир зүйтэйгээр тайлбарлах нь чухал юм.

Ядаж л, Та “Миний хүү аав нь долоон хоногийн зургаан өдөр ажиллаж байна. Их ч ядрах юм. Ням гаригт сайхан унтаж амрахыг хүсэж байна. Энэ их чимээнд унтаж чадахгүй байна. Тиймээс зурагтынхаа дууг багасгаарай. Хэрэв сул дуутай үзэж чадахгүй гэвэл зурагтаа унтрааж болно шүү дээ. Өөр юм хийцгээ” гэж хэлж болно.

Эндээс харахад, хүүхдийг шийтгэсэн юм огт алга. Учир зүйтэй хэлж чиглүүлсэн зүйл байна. Хүүхдэд сонголт санал болгож буй хэрэг. Ингэж хүүхдэд зөв зүйтэй тайлбарлаж чадвал хүүхэд тань үүнийг зөвшөөрөх болно.

Угаасаа гол зүйл энэ бяцхан харилцаанд л оршиж байна. Хүүхэдтэй инээмсэглэн, нарийн тайлбарлаж ярихын оронд богино, товч, захирсан байдлаар ярьснаас болж хүүхэд тань зөв зан чанарыг эзэмшиж чадахгүйд хүрэх вий.

Бас нэгэн тайлбар хийе. Орой зочид ирнэ. Таны охин өрөөгөөр нэг тарсан тоглоомоо хураана гэж амласан боловч хураасангүй. Та ямар алхам хийх вэ?

Магадгүй Та тоглоомыг өөрөө хураах байх л даа. Тэгээд “Дахиж энэ тоглоомоор тоглуулахгүй” хэмээх болов уу.

Гэвч дээрх явдалд үнэхээр хүүхэд тань тоглоомоо хураахгүй бол өөрөө та хураагаад түүний гар хүрэхгүй газар тавь. Хоёр өдөр бүү тоглуул. Гурав дахь өдөр гаргаж өгөхөд ахин хураахгүй бол дахиад хураа. Дөрвөн өдөр тоглуулахгүй бай. Үүнээс хойш тэр гаргаж буй зан авирынхаа шийтгэлийг ойлгож эхэлнэ. Дахин ийм зан гаргахгүй болно.

“”Хүүхэд тань Таны хэлсэн үгийг сонсох шинжгүй байвал тохиромжтой цаг мөчийг хүлээж байгаад хэл. Тэгэхгүй бол Таны хэлэх чухал зүйлсийг ч сонсохоо болино. Нүдээрээ харилц. Харилцан нөлөөллийг үзүүл. Таныг сонсож, ойлгож байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй шүү.

Ер нь шийтгэл нь ерөнхийдөө шүүгчийн байр суурьнаас болон хувь хүний шинжийг агуулсан байдаг. Нэг жишээ хэлье. Болд хүү аавынхаа хамгийн хайртай үзгийг алга хийжээ. Та байсан бол яах вэ? Магадгүй зарим аав тэр дор нь шийтгэнэ. Тухайлбал, “Энэ үзэгний үнэ өртөгний хэмжээгээр чамд өгөх мөнгөнөөс хасах болно”, “Яахаараа анхаарал болгоомжгүй явдаг юм бэ?”, “Би одоо үзэггүй яах болж байна” гэх мэт. Үнэн хэрэгтээ энд Болдыг шийтгэж байна бас хувь хүний зүгээс дарангуйлж байна гэсэн үг. Харин үүний оронд “Одоо хоёулаа яах вэ” гэх мэтээр хүүхдэд асуудлаа учиртайгаар шийдэх цаг гаргаж өгөх хэрэгтэй.

Бас нэгэн шийтгэлийн талаар тодруулахад, хүүхдэд шийтгэл ногдуулахаас өмнө түүний саналыг сонс. Магадгүй охин тань өнгө нь зохицохгүй хувцас өмсөхийг хүсч болох. Гэвч та нарын очсон газар тэр өнгөлөг харагдахгүй байж болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа охин тань өөрийн сонгосон өнгөнүүд нь авцалдахгүй, зохимжгүй болохыг орчныхоо нөлөөнөөс анзаарах болно. Аажимдаа зөв шийдвэр гаргадаг болно. Хэрвээ хүүхдийнхээ асуудалд аав, ээж нь үргэлж оролцох юм бол хүүхэд зөвхөн зөрүүдлэхийг л сурна.

Эцэст нь хэлэхэд, эрхэм эцэг эхчүүд ээ ухаалаг алхам хийхийг хүсвэл нөхөрсөг дуу хоолой, сайхан сэтгэлээр ханддаг юм шүү.

Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.