Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “O” төгрөг болголоо

2022-04-20 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж дарах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсвийн зохицуулалтын арга хэмжээг төлөвлөхөд дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн залуучуудын жагсаалын үеэр тавьсан санал, шаардлагатай уялдуулан төрийн хэмнэлтийг мөрдүүлэх, хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах болон бусад нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд боломжит бүхий л арга хэмжээг авч үзэж байна.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн.

-Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ цаг үед  төрийн хэмнэлтийн хүрээнд бий болсон зардлыг иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулна.

-Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих төсвийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогод заасан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах, төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Эдгээр нэгдсэн арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245,3 тэрбум төгрөгөөр буурч, 15,5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245,3 тэрбум төгрөгөөр буурч 17,9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2,4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.

Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “O” төгрөг болголоо

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.

Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт даалгалаа.
 
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

2022-04-20-ны өдрийн 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд  гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211000 га талбай өртжээ.

Товч мэдээ
-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
– “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бүс нутгийн уул уурхай, металлургийн кластер хэлбэрээр хөгжүүлэх талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгалаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай явуулахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг -Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.