БОАЖЯ: Цаг агаарын нөхцөл байдал хүнд, салхи ихтэй байгаа учир түймрийг унтраах амаргүй байна

2022-04-21 Байгаль орчин

Дорнод аймагт гарсан түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.04.18-ны өдрийн 16:16 цагт /16:18 цагт/ хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 18 алба хаагч, 2 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн 47 алба хаагч, 4 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, нийт 70 хүн, 7 автомашинтай ажиллаж байна. Нэмэлтээр: Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 18 ажилтан, 2 автомашин, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайгаас 32 ажилтан, 8 автомашин, нийт 71 хүн, 12 автомашинтай Дэд хурандаа М.Сүхсайханаар ахлуулан ажиллаж байна. 2022.04.20-ны 8.40 цагийн мэдээллээр, Нөмрөгийн ДЦГ-ын ойн сангийн талбайд хусан ой шатаж байна. Хар хоньт, Буянт, Баян нэр бүхий газраар хээрийн түймэрт шатаж байна. /Хусан ойтой/. Хилийн цэргийн Нөмрөгийн заставын Харуул толгой,Соелж уул хүртэлх бэлчээр-ойн талбай түймэрт өртөөд байна.

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр. 2022.04.20-ны өдрийн 08 цагийн байдлаар:4 дүгээр сарын 18-ны 23 цагийн орчимд Шилийн богдоос гарсан түймрийг өнөө өглөөний 08 цагийн байдлаар унтрааж чадаагүй байна гэж ОБГ-аас мэдээллээ. Аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа. Дарьганга, Эрдэнэцагаан сумдын ЗДТГ, Хилийн цэргийн …дугаар ангийн алба хаагчид, техник автомашин иргэд дайчлагдан ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд, салхи ихтэй байгаа учир түймрийг унтраах амаргүй байгаа аж.

Дарьганга сум:

Түймэр унтраах ажилд 5 бүлэг 34 хүн 4 машин техниктэй 2 хоног ажилласан. Түймэр Эрдэнэцагаан сумын Далай булаг гэдэг газар хүрсэн. Түймрийг цурманд оруулж хүмүүс буцаж ирсэн.

Эрдэнэцагаан сум:

04.20-ны өглөө 06 цагийн үед түймэр цурамд орсон. Түймэрт аймгийн ОБГ , Дорнод аймгийн ОБГ, сумын Гал унтраах 47-р анги, ЗДТГ, малчид зэрэг нийт 140 гаруй хүн, 11 машин ажилласан. Цурамд оруулаад эхний ээлжийн 60 гаруй хүн ирсэн. Үлдсэн 80 гаруй хүн цурмыг манаж байна.

Хэнтий аймагт гарсан түймэр:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Шанаган” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160км/-сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т 4-р сарын 19-ны өдрийн 10:40 цагт хээрийн түймэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газраас 39 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэй, орон нутгаас 48 ажилтан, 6 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж 4-р сарын 19-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсан. Түймрийн урт 16км, өргөн 4км. Нийт 6400га талбай өртсөн. 2022.04.20-ны 09:00 цагт бүрэн унтрааж Норовлин сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгөв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.