Мазаалай баавгайн тоо толгой 50-д хүрчээ

2022-04-14 Байгаль орчин

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” Төрийн ордонд өнөөдөр /2022.04.14/ болж байна.

Зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.

Мөн тус зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гээд, мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг юм. Нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.

“Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн”-д:

  • Мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал,
  • Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  • Нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлнэ.

Зөвлөгөөнд эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат, Б.Энх-амгалан нар уригдан оролцож байна.

Мазаалай баавгайн тухай сонирхолтой баримтууд:

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг.

Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.

Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн.

Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг “Ursus Arctos Gobiensis” гэж нэрлэдэг.

1953 онд АИХ -ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.

1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэнд хүрчээ.

Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон.

“Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор.

Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөлрүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог.

Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.

Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан.

Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.