Б.Даваадалай: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан нь мод тарих хүний нөөц бэлтгэхэд онцгой анхаарна

2022-03-30 Байгаль орчин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” өнөөдрийн хуралд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг танилцууллаа.

Дэлхий нийтэд байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болоод буй бөгөөд Монгол Улс цөлжилт, шороон шуургатай тэмцэх талаар идэвхтэй хөндөж байна. Цөлжилт, шороон шуургатай тэмцэх зорилтоо биелүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр баримт бичгийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урдчилсан тооцоолол гарсан гэдгийг Б.Даваадалай зөвлөх танилцуулгынхаа эхэнд онцлов.

Дээрх хөрөнгийг төр дангаараа хариуцах боломжгүй бөгөөд цар тахлын улмаас санхүүгийн нөөц боломж хомс байгаа аж. Тиймээс дээрх хөрөнгийг босгохын тулд олон улсын чиг хандлагад тулгуурлан байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд чиглэн ажиллах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, иргэд, хувийн хэвшил, түнш орнуудыг татан оролцуулах бололцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг мөн дурдлаа.

Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн асар өргөн хүрээг хамарч байгаа. Мөн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Ногоон санхүүжилтийн итгэлцлийн сан бол төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулдаг, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын чиглэлээр тогтвортой санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бие даасан байгууллага юм. Дэлхий нийтэд 2020 оны байдлаар энэ төрлийн 108 сан байгаа бөгөөд сүүлийн 10 жилд уур амсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад 2 тэрбум ам.долларын санхүүжилт гаргасан байна. Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг олон улсын байгууллага Монгол Улсад энэ төрлийн сан байгуулах талаар судалгаа хийж, тооцоо гаргасан, нээхэд бэлэн болсон байгаа. Ихэнх итгэлцлийн сан 2 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй байдаг. Энэ сан олон талын оролцоотой удирдах зөвлөлтэй, төрөөс хараат бус, байгаль орчин хамгаалах тодорхой зорилготой, үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу дэд сантай, олон улсын стандартыг чанд сахисан бай ёстой. Монгол Улсын Ногоон санхүүжилтийн итгэлцлийн санг “Монголын ногоон сан” гэсэн нэгтэйгээр байгуулах саналтай байгаа. Энэ сан дороо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан, Байгаль хамгаалах итгэлцлийн сан гэсэн дэд сантай байхаар боловсруулсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг банкууд санаачлан, гүйлгээний шимтгэлийн орлогынхоо тодорхой хувийг олгох юм. Энэ дэд сан ойжуулах хөтөлбөр санхүүжүүлж, үрсэлгээ хийх, мод ургуулах чадавхыг сайжруулах ТЭЗҮ, тооцоо судалгаа хийхэд туслгамж олгодог байх юм. Энэ сангийн нээлт өнөөдөр болно. Харин Байгаль хамгаалах итгэлцлийн санг Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг газрууд бүх баримт бичгийг нь боловсруулсан” гэлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн санхүүжилтийг босгоход банкууд дэмжлэг олгоно. Мөн дотоод иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, олон улсын байгууллагууд, түнш орнуудын тусламжийг татах боломжтой гэж үзэж байгаа аж. Тус санг байгуулах санаачилгыг банкууд гаргасан тул Удирдах зөвлөлд Монголын банкны холбооны төлөөлөгчийг оруулахаас гадна хандивлагчдын төлөөлөгчийг оруулахаар төлөвлөсөн байна. Тус санд банкуудаас 3 тэрбум төгрөг цуглах боломжтой бөгөөд энэ жил бүр 30 орчим хувиар нэмэгдэх боломжтой хэмээн үзэж буйг Б.Даваадалай зөвлөх онцоллоо. Энэхүү сан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, буцалтгүй тусламж олгох зэргээр санхүүжилт хийх аж. Түүнчлэн мод тарих хүний нөөц, багш бэлтгэхэд онцгой анхаарахаас гадна ТЭЗҮ, тооцоо судалгааг хөгжүүлэх зорилготой гэдгийг танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн дараа тус сангийн албан ёсны нээлт болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.