Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна

2017-06-9 Ерөнхийлөгч

Зураг     

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/    гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор пүрэв гарагийн үдэд тусгай үүргийн нислэгээр Казахстан улсын нийслэл Астана хотод хүрэлцэн ирсэн билээ.

ШХАБ-ын 17 дахь удаагийн энэхүү дээд түвшний уулзалтад оролцох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яамны нэгдүгээр орлогч сайд Руслан Даленов нарын албаны хүмүүс угтав.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд Л.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс багтжээ.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд, хэдэн гол арга хэмжээнүүдэд оролцоно. Төрийн тэргүүн ШХАБ-ын гишүүн болон оролцогч орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Эл хуралдааны дараа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Мөн өдрийн орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шарифтай уулзахаар товлосон байна.

Энэ уулзалтын дараа Монгол Улсын төрийн тэргүүн “Астана Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, гэрлийн шоу болон ёслолын буудлага үзэж сонирхох юм.

Дашрамд дурдахад, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцоно гэсэн гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэгэн чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон билээ.

Анх байгуулагдахдаа ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлын салбарт түлхүү чиглэж байсан бол өдгөө худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон нь манай улсын сонирхолд илүүтэй нийцэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.