Талууд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, хамтын ажиллагааны асуудлаар голчлон санал солилцсон юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссан байгаад талархалтай байна гэдгээ онцлоод, “Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр шууд болон салбар дундын зохицуулалттай асуудлуудыг чухалчилж байна.
Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд салбар дундын зохицуулалт, оролцоо ихтэй учраас уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах тогтвортой санхүүжилтийн шийдлийг БОАЖЯ сонирхож байна” гэлээ.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж буй яамны хувьд салбар дундын зохицуулалт, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг түлхүү гүйцэтгэж ирсэн.
Цаашид ч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлээд хүүхэд залуучуудад чиглэсэн танин мэдэхүйн шинэлэг аргачлалтай арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсад хэрэгжих боломжтой бүхий л төслийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг онцлоод, “Нэн ялангуяа хөдөлмөр, ажил эрхлэхтэй холбоотой төслүүдэд анхаарал хандуулж байна. Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гээд цаашид ямар салбарт илүү анхаарч, дэмжлэг үзүүлж болох тухай БОАЖ-ын сайдтай санал солилцлоо.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны аялал жуулчлалын аналитик судалгааны мэргэжилтэн АНУ-ын Вашингтон хотоос холбогдож, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн судалгааг танилцуулав. Уг судалгаанд Монгол Улс аялал жуулчлалын салбараа сүүлийн 20 жил хэрхэн хөгжүүлж ирсэн болон өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарах, яаж хөгжүүлэх боломжтой зэрэг бизнес загваруудыг олон улсын түвшинд болон Монгол орны өөрийн боломжинд тохируулан боловсруулжээ.
Танилцуулгын дараа Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев энэхүү тайланг БОАЖЯ-тай хамтран олон нийтэд сурталчлах хүсэлтээ илэрхийлэв.
Түүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Ойн салбараас эдийн засагт экосистемд оруулах хувь нэмэр, үйлчилгээ өндөр учраас байгальд түшиглэсэн шийдлүүдийг турших боломж өндөр.
Удахгүй үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратегийн зорилтууд, арга хэмжээний төлөвлөгөөнүүд эцэслэгдэн гарахаар БОАЖЯ-аас уламжлалт ёсоор түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Дэлхийн банк яамдууд болон Улаанбаатар хоттой орчны бохирдлыг бууруудах чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Техник, технологийн шинэчлэлийн хурдацтай үед системчилсэн аргачлалуудыг ашиглан агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна.
Иймээс энэ чиглэлийг үргэлжлүүлэн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна” гээд Улаанбаатар хотоос гадна суурин газруудын орчны бохирдол, төвлөрлийн асуудлыг анхаарч, Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч дагуул хотуудын хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа хэллээ.
Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг тогтвортой дэд бүтэц болон өрсөлдөх чадварт суурилсан шинэлэг бүтээгдэхүүн бий болгох хүрээнд хамтран ажиллах олон боломжуудыг танилцуулж, аялал жуулчлалын салбар КОВИД-19 цар тахлын улмаас зогсонги байдалд хүрсэнг дурдаад, “Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тэргүүлэх чиглэл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг хийж, Монгол Улсын ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, уул уурхайтай өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ арга хэмжээнүүдийг Дэлхийн банкны стратегид тусгагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бусад ложистик бизнесийн орчныг дэмжих, хөгжүүлэх зорилгуудтай уялдуулах нь үр өгөөжийн хувьд өндөр хүлээлттэй байна” гэлээ.
Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлал, эдийн засгийн бодлогоо зарлахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд БОАЖЯ энэ сар болон ирэх гуравдугаар сард Аялал жуулчлалын хэд хэдэн форум хийнэ. Тус форумд гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Засгийн газрын бусад яамдын түвшинд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд оролцоно.
Энэ арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг өөрийн биеэр хүргүүлж байна” гээд цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.