Трэнд урсгал
“Ойн салбарын үндэсний чуулган” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн чуулган “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд оролцогчид санал солилцож, байр сууриа илэрхийлэв.
Энэ өдрийн чуулганыг нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Салбарын яам ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэргийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.
Мөн өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож “Ирэх 10 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газрын өргөтгөсөн бие даасан хуралдааныг энэ чиглэлээр хийнэ. Жилд бид 9.2 сая үр, суулгац л бэлдэх чадамжтай байна. Тиймээс цаашдаа жилд 100 сая үр, суулгац бэлдэх чадамжтай болохыг зорьж байна” гэлээ.
Ийнхүү салбар хуралдааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Банзрагч танилцуулав.
Тэрбээр “Дөрвөн салбар хуралдаанаар асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн, шүүж байна. Ингэснээр энэ сарын 15-нд болох Үндэсний чуулганд салбарын мэргэжлийн хамт олны санааг иж бүрэн тусгах зорилготой. Өнөөдөр бид “Ойжуулалт ба нөхөн сэргээлт” сэдвээр тогтож хэлэлцэх шаардлага байна.
Хэлэлцүүлгийн явцад анхаарах хоёр зүйл бий. Нэгдүгээрт, “Тэрбум мод” хөдөлгөөнийг өрнүүлсэнээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янзын конвенцид Монгол Улс нэгдэж орсон. Энэхүү конвенцийн үүргийг нэгэн зэрэг биелүүлэх боломжийг олгож байгаа ухаалаг хөдөлгөөн, ухаалаг санаачлага гэдгийг онцлох хэрэгтэй.
Хоёрдугаарт, өмнөх ололт, амжилтаа дурьдах нь зүйн хэрэг. Өнөөдрийн салбар хуралдаанд ойн ахмад ажилтан олон байна. Тэд маань туршлагаа ярих хэрэгтэй. Бид Тужийн нарсыг ойжуулж чадсан. Тал хээрийг ойжуулах оролдлого хийж, Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэн чиглэлд хээрийг ойжуулах загварыг бий болгосон. Сайн туршлагаас гадна бидэнд сургамж бас бий.
2016 оны намрын тооллогоор 40 сая ширхэг тарьцтай байсан. Өнөөдрийн байдлаар 4 дахин буурч, 9.2 болсон байна. Юун дээр нь алдсан талаар хэлэлцүүлгийн үед ярих гэх мэтээр алдаа, оноон дээрээ тулгуурласан хэлэлцүүлэг болно гэж найдаж байна” хэмээлээ.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 600 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулах, агро аж ахуйг хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр тодруулсан юм.
Тэрбээр “Тэрбум мод аяны хүрээнд нийт доройтолд орсон 306 мянган га талбайг ойжуулах, говь, хээрийн бүсийг ойжуулах урьдчилсан тооцоо гаргасан. Ингэхдээ нэг га талбайд 2500 тарьц суулгац суулгана. Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ус, хөрсний судалгааг урьдчилан тооцож, говь хээрийн бүсэд мод тарих талаар мэргэжлийн байгууллагууд онцгойлон судалж буй. “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх үндсэн сорилт бидний өмнө үүсээд байна” гэлээ.
Мөн говь, хээрийн 293.2 мянган га талбайг хамгаалалтын ойн зурвас байгуулж, булаг, шанд, усны эхийг хашиж, хамргаалах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. Нэг га талбайн ойжуулалтын зардалд 11.5 сая төгрөг гэсэн тооцоо бий. Зардалд арчилгаа, усалгаа гээд бүх зардлыг шингээжээ. Өөрөөр хэлбэл, суулгаад орхих бус арчилж, усалж, ургуулна гэдгийг онцолж байсан юм. Ийнхүү нийт 600.00 мянган га талбайг ойжуулна. Өөрөөр хэлбэл, нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг ойжуулахаа төлөвлөжээ.
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-19
105342
87363
76433
60933
57385
57063
55524
52097
51350
51065
44940
44075
43331
38168
38084
34579
32599
30392
29948
29370
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.