Уналтад орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх “гарц” хайж, шийдлийг тодорхойлно

2021-10-20 Байгаль орчин

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны төлөөлөгчид хамтран “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг энэ сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор чуулах юм. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөхийн дарга Б.Барсболд “Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн салбар бол аялал жуулчлал. Дэлхий дахинд 2020 онд аялсан жуулчдын тоог өмнөх онтой харьцуулахад 74 хувийн уналтад орсон тоон статистик мэдээлэл бий. Ази Номхон далайн бүсийн хувьд уналт 84 хувь байсан бол Монгол Улсад 94 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй байгаа. Уг нь аялал жуулчлалын салбар бол Монголын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарт 2019 онд 2300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 88 мянган ажлын байрыг бий болгож байсан. Эдийн засгийн хувьд 600-700 сая ам.долларын эх үүсвэрийг бий болгодог. Тиймээс аялал жуулчлалын салбарынхан ч мөн цар тахлын үед болон дараа нь хэрхэн үйл ажиллагаагаа сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр хувийн хэвшлийн манлайлагчид нэг зорилго дор байр сууриа илэрхийлэхээр ийнхүү нэгдэх гэж байна” гэлээ.

Тэгэхээр энэ удаагийн форум танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд 200 орчим хүн оролцож, тус салбарын үйл ажиллагааг хэрхэн сэргээх талаар чуулна. Харин халдвар хамгааллын нөхцөл байдалтай уялдуулан танхимаар төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшний 80 орчим хүн оролцно. Түүнчлэн уригдсан бусад хүмүүс болон олон нийт цахимаар оролцож, санал бодлоо илэрхийлэх юм.

Энэхүү форумаар “Ковидын үеийн болон дараах марктинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн гурван сэдвийн хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн форумын дараа буюу энэ сарын 27, 28, 29-нд “ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дэлгэгдэх юм. Үзэсгэлэнг БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн төлөөлөл нутгийн брэнд бүтээгдэхүүнээ дэлгэнэ.

Мөн шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээнээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аялалын маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлцэл хийх боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангагдах юм байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, тус форумын гол зорилго нь төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд тус салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэнэ. Мөн үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, гарц шийдлийг тодорхойлох юм.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.