Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн биенесийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, Нийслэлийн орон сууцны корпораци болон бусад холбогдох хуулийн этгээдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх”-ийг даалгасан.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан компаниудад холбогдох тусгай зөвшөөрлийг олгож, “Носк нэг ТЗК” ХХК, “Носк хоёр ТЗК” ХХК, “Носк гурав ТЗК” ХХК-уудын гаргасан нийт 1,030 төрийн албан хаагчдад хамаарах 87.8 тэрбум төгрөгийн түрээсийн орлогоор баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэсэн. Харин энэ удаагийн хуралдаанаар “Носк дөрөв ТЗК” ХХК-ийн гаргаж буй 15 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, нэг бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 120,703 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр дөрвөн багцын хүрээнд нийт 1,177 төрийн албан хаагчдад хамаарах 99.9 тэрбум төгрөгийн түрээсийн орлогоор баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэж, цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Хуралдаанаар “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 817,768,643 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэ нь энэ оны хамгийн анхны IPO бөгөөд тус компанийн нийт хувьцааны 16.87 хувийг олон нийтэд санал болгож гаргах замаар 28.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Мөн “БКО капитал” ХХК-д үнэт цаасны брокерийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх, “Смарт мони” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, “Новел-Инвестмент ҮЦК”-д үнэт цаасны андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх, “Таван богд капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор шийдвэрлэлээ. Түүчлэн “Парита энд партнерс” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдээр бүртгэхийн зэрэгцээ “МИК актив хорин зургаа” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгож, гаргаж буй 30 жилийн хугацаатай, нэг бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,050,061 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв.
Үүний зэрэгцээ мөн нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, гурван компанид банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор тус тус шийдвэрлэсэн. Түүнчлэн дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан нэг компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.
Хуралдаанаар даатгалын нэг компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий гурван иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооны тусгай зөвшөөрлийг сэргэхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.